Мод тарих, ногоон байгууламж байгуулах иргэдийн саналыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-26 11:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ онд улиасны унгирлыг багасган, арчилгааг сайжруулах, стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжинэ.

Ингэснээр 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг найман ам метрт хүргэх зорилт тавиад байгаа юм.


Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 1.7 ам метр байсныг 2020 онд гурав дахин нэмэгдүүлж, 5.1 ам метр болгосныг НИТХ-ын ээлжит V хуралдааны үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.


Өнгөрсөн онд хийсэн томоохон тохижилтыг дурдвал, "Дипломат-95” дугаар байрны хойд талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны өвлийн ордон музейн орчим, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг сайжруулж тохижуулжээ.


Гол гудамж зам, орон сууцны орчмыг моджуулж орчны тохижилтыг сайжруулах хүрээнд өнгөрсөн жилүүдэд 300-350 мянган ширхэг нарс, гацуур, шилмүүст мод тарьсан бөгөөд ургалт 90-ээс дээш хувьтай байгаа аж. Мөн цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг тогтмол хийн, тоосжилтыг бууруулсан аж. 


Харин амарч суух талбай, явган зам, спорт талбайг тохижуулж, хаягжилт, дугуйн зам, камержуулалт, гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмж, эрүүл мэндийн байгууллагын гаднах талбай, оршуулгын газрын орчныг стандартад нийцүүлжээ. Газарт оршуулсан булшнаас 40-50 жилийн турш 20 орчим төрлийн хорт хий ялгардаг. Эрдэмтдийн тогтоосноор, боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар, тарваган тахлын вирус 40 жилийн турш амьд оршиж, агаараар дамжин хүн малыг хордуулах аюултай. Үүнийг сааруулах зорилгоор оршуулгын газрыг жил бүр үе шаттай ойжуулж байгаа аж.


Улаанбаатар хотын ЗАА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хамтран туршилт, судалгааны үр дүнд шалгарсан гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлыг Баянгол дүүрэгт дөрөв, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд хослол зохиомжийн зураг гаргаж, найман овог, 13 төрөлд хамаарах I зэргийн 2129 ширхэг мод, сөөг ургамлын суулгацаар жишиг төгөл байгуулжээ. 


Ирэх жилүүдэд мод, сөөгийн төрөл зүйлийг олшруулах, суурь судалгааг хөгжүүлэх, Ботаникийн цэцэрлэгийн 30 гаруй орны 50 орчим цэцэрлэгтэй үрийн солилцоо хийх юм. Өдгөө гурван га талбайд мод үржүүлж байгаа бөгөөд цаашид мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ