Соёлын өвийн үндэсний төв шаардлага хангасан байртай болов

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-03-26 17:02:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо.


Энэхүү барилгыг ашиглалтад оруулснаар соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардлага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэж байгаа юм.


Өнөөдрийн байдлаар тус төв нийт 35 ажилтан, албан хаагчтай Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, сэргээн засварлах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлж байна.


Соёлын сайд Ч.Номин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Соёлын өвийг бүртгэн баримтжуулах студи, сэргээн засварлах лаборатори, урлан, сургалтын танхим, сан хөмрөгийн өрөө зэрэг соёлын биет болон биет бус өвийг цогц байдлаар хамгаалах шаардлага хангасан зориулалтын байр болж байгаа нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх нэгэн бодитой алхам боллоо.


Анх 2008 онд барилга барих газрыг олгосон тэр цагаас хойш соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үе үеийн удирдлага дэмжлэг үзүүлсээр ирсний үр дүнд, мөн та бид бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байртай боллоо. Соёлын яамнаас барилгыг ашиглалтад оруулахтай холбогдолтой бүхий л дэмжлэгийг өнгөрсөн хугацаанд үзүүлж, анхаарал хандуулан ажилласан гэдгийг нь хэлэхэд таатай байна” гэв.


Тус төвийн барилгын ажлыг “Заг” ХХК гүйцэтгэжээ. Уг барилга нь газар доорх B1 давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8000 ам дөрвөлжин метр талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, авто зогсоол, ногоон байгууламжтай.

 




Холбоотой мэдээ