Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-28 12:48:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт “Ковид-19” халдварын тархалт дахин илэрсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гаргалаа.

Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Сайхандулаан, Сайншанд, Иххэт, Замын-Үүд сумыг шилжүүлж, халдварын тархалтын “Улаан” түвшинд гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл шилжүүллээ.

Энэ хугацаанд бүх шатны боловсролын байгууллага, МСҮТ, өдөр  өнжүүлэх болон бүх төрлийн сургалтын төв, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагаа, нийтийн хоолны үйлчилгээ, фитнес, саун, халуун ус, нийтийн бүжиг, соёл спорт клуб, бариа засал, үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг хязгаарлав.

Харин Дэлгэрэх, Мандах, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу халдварын тархалтын “Улбар шар” түвшинд  гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас 4 дүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл шилжүүллээ.

Энэ хугацаанд соёл урлаг, кинотеатр, спортын тэмцээн уралдаан, олон  нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, жагсаал  цуглаан, нийтийн үзвэр, үйлчилгээний газар (баар, караоке), цахим болон бүх төрлийн хүүхдийн тоглоомын  газрын үйл ажиллагааг зогсоолоо. Дээрх  шийдвэрийг улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гаргасан байна.

Холбоотой мэдээ