Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-30 18:41:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Амгаланбаатар, С.Энхболд нарыг  томилохыг дэмжив.


Бямбасүрэнгийн Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг чөлөөлж, Х.Амгаланбаатарыг томилох, түүнчлэн Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг томилох тогтоолын төслийг хуралдаан даргалагч танилцуулснаар Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулах хөрөнгө 2021 онд нэг их наяд төгрөг болсон нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ийм мөнгөний эрх мэдэлтэй. Тиймээс Зөвлөлд ажиллаж байгаа хүмүүс авлига ашиг сонирхлоос ангид байх ямар зарчим баримтлахыг асуув. Мөн эрүүл мэндийн даатгалд даатгууллаа ч эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай авч чаддаггүй гэж даатгалд итгэх иргэдийн итгэл сул байгааг дурдаад, үүнийг хэрхэн бэхжүүлэхийг тодруулав. Дээрх асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд шударга ил тод байдлыг эрхэмлэж ажиллана гэсэн хариултыг өглөө. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Сангийн хөрөнгө хаана байршиж байгааг, эрсдэлгүй байгаа эсэхийг тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сангийн хөрөнгө мөнгө Төрийн санд байршиж байна гэсэн хариулт өгөв.


УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ч.Ундрам нар санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Зөвлөлийг албан тушаалтны нэрээр бус албан тушаалаар нь баталдаг болмоор байна. С.Энхболд гэдэг хувь хүн бус Эрүүл мэндийн сайд гэдгээр Зөвлөлд оролцох учир албан тушаалаар баталдаг болмоор байгаа юм. Ингэснээр чөлөөлөх, томилох асуудал дахин дахин үүсэхгүй" хэмээв. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, "Эрүүл мэндийн даатгалаар ямар нэр төрлийн тусламж, үйлчилгээг хүргэх амлалтаа биелүүлэхээс гадна даатгалд хамрагдах тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох, Зөвлөлийн бүрэлдэхүүн эрүүл мэндийн, эмийн компаниудын лоббинд автахгүй ажиллахыг захив. Ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.


Үргэлжлүүлэн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай” УИХ-ын 2017 оны зургаадугаар сарын 2-ны 40 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг  “1/Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдыг томилох гэж өөрчлөх”-ийг дэмжлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлнэ.

Холбоотой мэдээ