Хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна.
Хоногт илрэх коронавируст халдвартай хүний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас дээрх хугацаанд хөл хорио тогтоох саналыг УОК-т даваа гарагт хүргүүлсэн юм. УОК-ын хуралдаанаар тус саналыг дэмжиж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улаан" түвшинд шилжих саналаа Засгийн газарт танилцуулахаар болсон юм. Энэ дагуу Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хуралдаанд танилцуулга хийж хэлэлцүүлж байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөл хорио тогтоолгүй дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийг санал болгожээ. Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр гарцгүй бол өрх бүрт нэг сая төгрөг олгох санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг Ерөнхий сайдад уламжилжээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хурлын дараа эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.
–Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ/
–Шар түвшин /зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
–Улбар шар түвшин /Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
–Улаан түвшин /Халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан.