"Хүүхдийн төлөө фонд"-ыг автомашины дугаарын дуудлага худалдааны орлого бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-31 12:27:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


Төсөлд, "Хүүхдийн төлөө фонд"-ыг сэргээн байгуулж, сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ.


Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авто тээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар захиалах эрхийг үнэ хаяцуулан борлуулж сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр зохицуулсан байна. Үүнээс гадна хандив, тусламж болон хүүхдийн сайн сайхны төлөө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлогоос бүрдүүлэхээр тодорхойлжээ. 


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлснийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. 


Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэллээ. 


Үргэлжлүүлэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төслийн 2 дугаар зүйлийн сангийн хөрөнгийн зарцуулалт хэсэгт “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг олгох” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн 2 дугаар зүйлд “Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг  дэмжих” гэсний дараа “хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна” гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төслийн 2 дугаар зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын нэг хувь” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх, үүнтэй уялдуулан төслийн 3 дугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжсэнгүй. 


Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ