ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн сонгон шалгаруулах багийн бүрэлдэхүүнийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-31 15:32:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын багийн бүрэлдэхүүнийг батлав. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажлын багийн бүрэлдэхүүнээс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Ажлын багийг ахлах нь хууль зөрчих тул өөр УИХ-ын гишүүнийг томилох тухай горимын санал гаргав. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга Ажлын багийг ахлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт Ажлын багийг “УИХ-ын гишүүн ахлана” гэж заасан, мөн УИХ-ын даргын захирамжаар ажлын багийн ахлагчийг томилсон тул санал хураахгүй гэж тайлбарлав.


Ажлын багийн бүрэлдэхүүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.


Ингээд Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Ажлын баг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалаа.


Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ЕТГ-ын дэд дарга Б.Саруул, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг ажлын багийн бүрэлдэхүүнд оруулах тухай гишүүн тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин нэр дэвшигч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг дэмжээгүй болно.


Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын багт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж журамд заасан. Иймд Монголын Хуульчдын холбооноос ажлын багийн гишүүнд санал болгох төлөөллийг Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болгов.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжлээ.

Холбоотой мэдээ