Юньнань мужид дотоодын гаралтай коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-31 16:31:37

Бээжин /МОНЦАМЭ/. Эх газрын Хятадад өчигдөр коронавируст халдварын тохиолдол бүртгэгдлээ.

    Тодруулбал, өмнөд Хятадын Юньнань мужийн Руйли хотод өчигдөр дотоодын гаралтай 6 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хотын нийт иргэнийг бүх нийтийн шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн байна.

    Энэ нь 3 дугаар сарын 26-ны өдөр Жянси мужид халдварын нэг тохиолдол бүртгэгдсэнээс хойших дотоодын анхны тохиолдол болж байгаа юм.

    Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, өчигдөр эх газрын Хятадад шинээр коронавируст халдвар авсан 11 тохиолдол бүртгэгдсэнээс 5 нь зөөвөрлөгдсөн, 6 нь Юньнань мужийн тохиолдлууд байв.

     Мөн өчигдөр Руйли хотод гурван шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгдсэн байна.

    Дотоодод бүртгэгдсэн 6 тохиолдлоос нэг нь, мөн шинж тэмдэггүй халдвар тээгч гурван тохиолдол нь Мьянмарын иргэн байгаа юм.

    Халдвар авах эрсдэлтэй бүлэгт тогтмол хийдэг шинжилгээний хүрээнд  нэг хүний хариу эерэг гарч, улмаар түүний ойрын хавьтагчдыг шинжилгээнд хамруулахад дээрх үр дүн гарсан байна.

     Улмаар өнөөдөр өглөөний 8.00 цагаас эхлэн хотын иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн.

    Цар тахалтай тэмцэх штабаас хил дамнасан хууль бус тээвэртэй хатуу тэмцэнэ гэдгийг онцоллоо.

    Одоогоор эх газрын Хятадад коронавируст халдвартай эмчлэгдэж буй 180 хүн байгаа бөгөөд нийт халдвар авсан тохиолдлын тоо 90 201, нас барсан хүний тоо 4636-д хүрээд байна.

Холбоотой мэдээ