Урсгал зардлын 50 хувийг халдвар, хамгаалалд зарцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд "COVID-19"-ийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан УОК-ын даргын тушаалаар олон нийтийн газар, ААН, байгууллагуудад халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилон ажиллаж байна.
Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр "Драгон холдинг" ХХК болон Гурвалжин I,II төвд ажиллалаа. УОК-ын даргын 18 дугаар тушаалаар баталсан халдвараас урьдчилан сэргийлэх түр журамд ерөнхий чиглэлийн 9, тусгай нөхцөлийн 16 шаардлагыг тусгасан. "Драгон" худалдааны төвд эдгээр журмыг мөрдөхөд хүндрэл, бэрхшээл харьцангуй бага боловч ариутгал, цэвэрлэгээний зардал болон бусад санхүүгийн байдал хүнд байгааг онцолж байв.
Өнөөдрийн байдлаар “Драгон” төвд 300 гаруй түрээслэгч буюу 800 орчим хүн ажиллаж байна. Цар тахлаас өмнө өдөрт 8 мянгаас 13 мянган хүн үйлчлүүлдэг байсан бол одоо өдөрт 1-2 мянган хүн үйлчлүүлж байна. Халдварын тархалтаас үүдэн хөдөө, орон нутагт зорчих хөдөлгөөнийг хааснаар тус худалдааны төвийн үйлчлүүлэгчдийн урсгал эрс багасаж эдийн засгийн хувьд хүнд нөхцөл, байдалтай тулгарч байгааг удирдлагууд хэлж байв.
Тус худалдааны төвд 2 хоногт нэг удаа 24 мянган ам дөрвөлжин метр талбайг ариутган, цэвэрлэгээг тогтмол хийж байгаа бөгөөд ингэснээр нийт үйл ажиллагааны зардлын 50 хувь нь халдвар, хамгааллын урсгал зардалд зарцуулж байна.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн Гурвалжин I,II худалдааны төвийн халдвар, хамгааллын дэглэмийн хэрэгжилтийн нөхцөл, байдалтай танилцлаа. Тус барилгын материалын хоёр төв нь 92 түрээслэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өдөр тутамд 300-500 хүн үйлчлүүлж байна. Энд халдвар, хамгааллын дэглэмийг сахин мөрдүүлэхэд тулгарч байгаа хүндрэл нь лангуу хоорондын зай, талбай багаас шалтгаалан хүн хоорондын зайг барих нь бэрхшээлтэй байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас лангуу хооронд хамгаалалтын хаалтгүй, орох хэсэгт ариутгалын төхөөрөмжийг суурилуулаагүй байдлыг арилгаж холбогдох шаардлагыг тавьж ажиллахыг зөвлөж, журмын хэрэгжилтийг хянан ажиллахаар боллоо.