ДЭМБ-ууд “Нэг эрүүл мэнд” үзэл санаан дор нэгдэхийн чухлыг онцлов

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2016-06-15 13:03:30

Нэг улс орон, нэг салбар дангаараа шинэ халдварт өвчин /Зика вирус, Эбола/-тэй тэмцэж чадахгүй учраас дэлхийн улс орнууд, нийгмийн бүх салбарууд “Нэг эрүүл мэнд” үзэл санаан дор нэгдэж буйг өнөөдөр болсон “Нэг эрүүл мэнд” олон улсын V симпозиумд оролцогчид онцлов.

Энэхүү симпозиумыг ЭМСЯ, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, ЗӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, Монголын Анагаах ухааны академи, АНУ-ын Duke-ийн их сургууль хамтран зохион байгууллаа.

Хуралд “Нэг эрүүл мэнд”-ийн судалгаа, олон улсын чиг хандлага, хүн ба малын хачигт халдварын тархвар зүй, Монгол Улсад 2005-2013 онд нүүдлийн шувуунд хийсэн шувууны томуугийн тандалт судалгаа, Эбола өвчний эмчилгээг сайжруулах шинэ арга, Монгол Улсад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй малын эмч нарын дундах мэргэжлээс шалтгаалсан өртөлтийн судалгаа зэрэг сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв.

“Нэг эрүүл мэнд” хэмээх үзэл баримтлал нь байгаль орчин, хүн төрөлхтөн, мал амьтны харилцан шүтэлцээ, эрүүл аж төрөхөөс эхэлнэ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж вирус, нянгууд ч хувьсаж, урьд хожид байгаагүй шинэ халдварт өвчин үүсч буй нь олон салбарыг практикийн болон эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллахыг зүй ёсоор шаардаж байна хэмээн АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн профессор Пол Ланн онцлов. 

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах хэлэхдээ, “Дэлхий дээр зоонозын халдвар 75-80 хувийг түүний дотор вируст халдвар 75 хувийг эзэлдэг. Монгол орон 50 сая гаруй мал, ан араатан, жигүүртэн, хачиг, шумуул, эгэл биетэн, халдварын агуулагчтай байгаа нь зоонозын 30 гаруй өвчин гарах боломж бүрдсэнийг илтгэнэ. Дэлхий нийтэд зоонозын халдвар буурахгүй байна гэсэн хандлагатай байгаа. Бүс нутгийн хэмжээнд ДЭМБ-аас галзуу, тарваган тахал, шувууны томуу зэрэг өвчлөлөөс онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байгаа. Манай төв үндэсний хэмжээнд ард иргэдийг зоонозын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, өвчлөл гарсан тохиолдолд голомтыг таслан зогсоох, иргэдэд мэдлэг мэдээлэл, зөв хандлага тогтоох чиглэлээр ажиллаж байна” гэв.

Тус хуралд шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчин, орчны эрүүл мэнд, хүнсний эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалтын болон практик үйл ажиллагаа явуулж буй нийт 140 гаруй эрдэмтэн судлаач оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ