“Монгол бичиг”-ийг түгээн дэлгэрүүлэх уриалгын самбар бий болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-07 19:35:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн соёлын өв, үндэсний босоо бичгээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилготой уриалгын гэрэлт самбарыг бий болголоо. Аймгийн БСУГ, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан-Уул дахь салбараас санаачлан хэрэгжүүлсэн энэхүү гэрэлт самбарыг үндэсний лаборатори “Оюуны-Ирээдүй” цогцолборын хананд байрлуулжээ.

Уг уриалгын самбарыг бүтээхэд ӨМӨЗО-ны Зүүн Барга хошууны залуу сэхээтэн Одонзаяа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж. Нийт 5 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бүтсэн уг бүтээлийн эхийг “Дархан принт” хэвлэлийн үйлдвэрт бэлтгэж, “Эх булаг зуу” ХХК самбарыг хананд байрлуулах ажлыг хийжээ.

Нэгдүгээр самбарт: Үндэсний бичгээ хичээнгүйлэн суралцах нь улс, орны тусгаар тогтнолын төлөө оруулж буй үнэтэй хувь нэмэр.

Хоёрдугаар самбарт: Дэлхийн бичиг соёлын өв болсон хүмүүн бичгээ эрхэмлэн дээдэлж чармайн суралцъя гэжээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 оноос эхлэн хос бичигтэн болох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хэрэгжилтийг хангахад түлхэц болох, Дарханыхандаа монгол бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд уриалж бүтээсэн гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Оюунбилэг хэлж байлаа. Мөн тэрээр тусгаар улсын баталгаа бол үндэсний бичиг соёл байдаг. Тиймээс хүн бүр үндэсний бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглээ болгох төдийгүй хамгаалах нь хамгийн чухал гэв. 

Ташрамд "Хүмүүн бичигтэн" цахим бүлгэмийг санаачлагч Одонзаяа нь Үндэсний бичгээ хөгжүүлэх, өвлүүлэх, монгол хэл, соёлыг дэлхийн 20 гаруй оронд сурталчлан, түгээн дэлгэрүүлсэн аж.

Холбоотой мэдээ