Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг өөрчлөх технологитой танилцав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-04-07 17:53:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг өөрчлөх, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын баг байгуулсан. Тус ажлын дэд хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ахлан ажиллаж байна. Ажлын баг өнөөдөр ариун цэврийн байгууламжийн технологитой танилцлаа.

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих үндсэн таван технологиос судалж байна. Энэхүү төслийн технологийн шийдлийг гаргаж, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байгаа хэмээн БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онцлов. Ариун цэврийн байгууламжийн технологийн үзэсгэлэн, танилцуулга энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах чиглэлээр УИХ-аас анхаарч ажиллаж байгаагийн нэг нь нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар өөрчлөх ажил юм. Цаашид ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, бүхий л талаар дэмжиж ажиллахаа УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан “Хөдөө, орон нутгийн хүүхэд, сурагчдын тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай. Мөн дотуур байр заавал халуун усны газартай байх ёстой” гэв.

Холбоотой мэдээ