БТСУХ, Монголын оюутны спортын холбооны хооронд үл ойлголцол үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-08 12:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-г Спортын төв ордон дахь албан өрөөгөө чөлөөлж өгөхийг шаарджээ.


Энэхүү шаардлагатай холбогдуулан МОСХ болон Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр /2021.04.07/ мэдээлэл хийв.


Энэ үеэр МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан: “БТСУХ-ноос 2021 оны хоёрдугаар сард манай холбоог байраа чөлөөл гэсэн шаардлагыг тавьсан. Үндэслэлийг нь асуухад агентлагийн байранд хамааралгүй холбоод байрлахгүй, байраа чөлөөл гэсэн. Бид 43 төрлийн спортын холбоотой хамтарч, баг тамирчдаа гадаад руу тэмцээнд илгээж, дотооддоо тэмцээн зохион байгуулдаг. Бидний хамтран ажилладаг дийлэнх спорт холбоод Спортын төв ордонд үйл ажиллагаагаа явуулж, энэ газрыг тойроод их сургуулиуд байрлаж байна. Монголын оюутны спортын холбоо 93 их, дээд сургуультай хамтран ажилладаг. Яагаад манай холбоог ордноос гаргах гээд байгааг ойлгохгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас энэ талаар тодруулга авсан байгаа. Энэ асуудалтай холбогдуулан иргэний шүүхэд хандахаар болсон. Манай холбоо, Монголын оюутны холбоо хамтраад Монгол Улсын Ерөнхий сайдад хандах гэж байна. Оюутнууд бол нийгмийн халамж шаардсан хэсэг. Гэтэл тусалж, дэмжих ёстой хүмүүсийг дэмждэггүй Засгийн газрын агентлаг байгаад харамсаж байна. Бид холбооныхоо ажилчдын цалинг өөрсдөө гаргадаг. Биеийн тамир, спортын улсын хороо зөвхөн байрны асуудлыг л шийддэг. Биднийг Спортын төв ордоны зүүн тал руу нүүж ор гэсэн. Тэнд харуул, манаа жижүүр байхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Бид өнгөрсөн онд шаардлагыг нь биелүүлж, гуравдугаар давхрын өрөөгөө суллаж, нэг давхарт нүүж орсон. Гэтэл нэг жилийн дотор дахиад яв гэсэн шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.


Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн энэ талаар хэлэхдээ: “Манай холбоо Монгол оюутны спортын холбоотой хамтран ажиллаад 20 гаруй жил болжээ. Гэтэл 147 мянган оюутны эрх ашгийг хамгаалдаг хоёр холбооны нэгийг ийнхүү гаргаж буй нь ёс зүйгүй үйлдэл. Энэхүү асуудлыг шийдэх, хамтран ажиллах зорилготой байна” гэв.


Дээрх албаны хүмүүсийн мэдээлэл хийсэн холбогдуулан БТСУХ-ноос тайлбар авахад “Монголын оюутны спортын холбооны үйл ажиллагааг хаасан зүйл байхгүй. Хуульд зааснаар төрийн байгууллагын ажиллаж буй газар хувийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй. Тэр заалтынхаа дагуу л бид Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодыг нүүлгэж байгаа. Спортын төв ордоны зүүн талын өргөтгөлд 10 гаруй өрөө, хурлын танхим бэлдчихсэн. Тийшээ л нүүж орохыг зөвлөж байгаа юм. Спортын төв ордонд ажилладаг кофе шоп, дэлгүүрүүдийн гэрээг цуцалсан. Энд зөвхөн паралимп болон дифлимпын холбоо үлдсэн. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүс орж гардаг учир хуучин байранд нь үлдээсэн” гэв.

Холбоотой мэдээ