АНУ Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцааж магадгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-08 16:03:07

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Оросын дайсагнасан үйлдэлд дүн шинжилгээ хийж дууссан бөгөөд одоо тус улсын дипломат ажилтнуудыг нутаг буцаах, хориг арга хэмжээ авах боломжийг хэлэлцэж байна.


Эх сурвалжуудын мэдээлснээр, сонгуульд хөндлөнгөөс оролцох, кибер халдлага үйлдэх хэлбэрээр дайсагнасан ажиллагаа явуулсан гэх тагнуулын мэдээлэлд Ж.Байдены засаг захиргаа дүн шинжилгээ хийж дууссан бөгөөд удахгүй хариу арга хэмжээ авахаа мэдэгдэнэ гэжээ. Энэ арга хэмжээний хүрээнд дипломат үйл ажиллагаа явуулж байна гэсэн нэрээр халхавчлан АНУ-д байрлаж буй Оросын тагнуулын ажилтнуудыг нутаг буцааж магадгүй гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.


ОХУ-ын эрх баригчдад Цагаан ордон ойрын хугацаанд хариу арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки гуравдугаар сард мэдэгдсэн юм. АНУ-ын засаг захиргаа тагнуулын албанаас дөрвөн чиглэлээр мэдээлэл авахыг сонирхжээ. Үүнд “SolarWinds”-н эсрэг кибер халдлага үйлдсэн, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон, сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн эсрэг химийн зэвсэг ашигласан, Афганистан дахь АНУ-ын цэргийн албан хаагчдад халдсан зэвсэгт этгээдүүдийг шагнасан тухай мэдээллүүд багтсан байна.  

Холбоотой мэдээ