Уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-09 10:32:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уул уурхайн компаниудын үйл ажиллагаа болон халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаатай газар дээр нь очиж танилцлаа.

COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэгт аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзориг, Тагнуулын хэлтэс, ОБГ, ЦГ, ЭМГ, МХГ-ын албан хаагчид, улсын байцаагч нар багтсан бөгөөд ашиглалтын лицензтэй “Хан Алтай Ресурс” ХХК “Болд Гянт Болд”ХХК уул уурхайн компаниудад удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн юм.

Аймгийн Онцгой комиссын ажлын хэсгээс уурхайд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан мөрдөх, ажилчдыг дархлаажуулалтад хамруулах, Улаанбаатар хотоос ирж буй ажилчдыг тусгаарлалтад байлгахыг анхааруулав. Түүнчлэн ачаа тээвэрлэн ирж буй жолооч, ажилчдыг Бигэр, Дэлгэр сумын нутаг дэвсгэрээр явахдаа айл өрхөөр орохгүй байх, иргэдтэй уулзахгүй байх гэх мэт журмыг дагаж мөрдүүлэхийг уурхайн менежер, хариуцсан албан хаагчдад даалгалаа.

Мөн үеэр уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээлт болон бусад зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар үүрэг даалгавар өгч, санал солилцож, заавар зөвлөмж өгөв.

Холбоотой мэдээ