АНУ Хятадын технологийн байгууллагуудыг хар жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-09 10:05:11

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Худалдааны яам технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын долоон байгууллагыг хар жагсаалтад оруулснаа мэдэгджээ.


Эдгээр байгууллагын үйл ажиллагаа АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа тул ийм арга хэмжээ авсан байна.


“Суперкомпьютеруудын тооцоолох чадвар нь цөмийн зэвсэг, дуунаас хурдан пуужин гэх мэт үндэсний аюулгүй байдалтай холбоотой орчин үеийн зэвсэг, системийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цэрэг армиа шинэчлэх энэхүү тогтвортой байдлыг алдагдуулсан хүчин чармайлтад Хятад улс Америкийн технологийг ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд Худалдааны яам бүрэн эрхээ ашиглана” гэж АНУ-ын Худалдааны сайд Жин Раймондо мэдэгджээ.


Хар жагсаалтад Тяньжин хотын “Phytium Information Technology”, Шанхай дахь “High-Performance Integrated Circuit Design Center”, “Sunway Microelectronics” мөн Зинан, Шэньжэн, Уси, Жэнжоу хотууд дахь үндэсний компьютерын дөрвөн төвийг оруулсан байна.


Эдгээр байгууллага нь Хятадын цэргийнхний Зэвсэгт хүчнээ шинэчлэх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашигладаг суперкомпьютеруудыг бүтээхэд оролцдог гэж АНУ-ын Худалдааны яам мэдэгджээ.


Холбоотой мэдээ