Суэцийг орлох хувилбарууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-04-09 22:23:35

Хэд хоногийн өмнө чингэлэг тээвэрлэгч Ever Given гэдэг аварга том хөлөг онгоц Өрнө-Дорныг холбодог усан замын чухал зангилаа болох Суэцийн сувагт гацсаны улмаас дэлхийн худалдаанд 230 тэрбум долларын хохирол учирсныг даатгалын Allianz компани тооцоолон гаргажээ. Гэхдээ энэ бол эцсийн үнэлгээ биш бөгөөд учирсан алдагдлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдүүлэх үйл явц сунжирч, Суэцийн сэдвээр өрнөх мэтгэлцээн нэлээд удаан үргэлжлэх төлөвтэй байна. Ялангуяа Суэцийг орлож чадахуйц өөр чиглэлүүдийн тухайд улс төрчид, эдийн засагчид, хөлөг онгоцны эзэд, бизнес эрхлэгчид тун нухацтайгаар эргэцүүлэх болжээ


Өөрөөр хэлбэл, Суэцийн сувагт үүссэн нөхцөл байдал нь дэлхийн логистикийн тогтолцоог өөрчлөх цаг нэгэнт болсон гэдгийг санууллаа. Ever Given”-ний асуудлаас үүдэн “тэнгисийн ачаа тээврийн уламжлалт маршрутуудаас өөр чиглэлийг сонгох цаг ирсэн бус уу? “лонхны хүзүү” шиг нарийхан хоолойнуудад үүсдэг түгжрэлээс болоод эрсдэлд орсоор л байх уу? гэсэн асуултууд урган гарч байна.


Ташрамд дурдахад, Суэцийн хоолойтой ижил “лонхны хүзүүнүүд” цөөнгүй бий. Хүний гараар бий болсон Панамын суваг гэхэд 1920 онд нээгдсэн ба 90 жилийн хугацаанд түгжирч гацсан тохиолдол үгүй. Харин 2010 онд олон хоног орсон аадар борооны улмаас усны түвшин ихэссэн тул хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхийг түр зогсоож байв. Мөн илүү том хэмжээтэй, байгаль эхийн өөрөө бүтээсэн “лонхны хүзүү”-нүүдийг дурдвал, Босфор, Дарданелл, Гибралтар, Аден, Ормуз, Малаккийн хоолой гээд нэрлэвэл олон бий. Гэхдээ эдгээр нь геополитикийн өрсөлдөөний талбар болж, тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг билээ.


Турк хувилбар буюу “Дунд коридор”


Суэцийн түгжрэлийн дараачаас хэд хэдэн улс, тухайлбал, Орос, Турк, Иран улсууд өөрсдийн нутгаар дамжин өнгөрөх маршрутуудыг санал болгож эхэлжээ.Турк улс гэхэд, Дунд коридорыг ашиглах боломжтой гэдгийг мэдэгдсэн ба туркчууд уг чиглэлийг хөгжүүлэхийн тулд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Энэ коридорын нэг хэсэг нь Истанбул гэдэг шинэ суваг бөгөөд эндхийн тэнгисийн навигацийн систем нь маш сайн хөгжсөн учраас ачаа тээврийн найдвартай маршрут болж чадна гэдгийг Туркийн Тээвэр, дэд бүтцийн сайд Адиль Караисмаилоглу батлан хэллээ. Уг коридор Туркийн нутгаас эхэлж, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Туркменистан, Казахстанаар дамжин Хятадын нутаг хүртэл үргэлжилдэг. Ингэснээр уг маршрут Хятадын санаачилсан “Нэг бүс, нэг зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болж, илүү аюулгүй бөгөөд тээвэрлэлтийн цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой гэдгээрээ анхаарал татаж байна


Туркийн сайдын харьцуулан ярьснаар, Дунд коридор нь оросуудын санал болгож буй Хойд тэнгисийн замаас 2 мянган км-ээр дөт, цаг агаарын нөхцлийн хувьд илүү таатайгаас гадна тэнгисээр ачаа тээвэрлэхээс 15 хоногоор богино хугацаа зарцуулах ажээ. Эл коридорыг ашигласнаар Турк болон Төв Азийн улс орнуудын өмнө худалдааны асар өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байна.


Бид дэлхий дээрх хамгийн аюулгүй логистикийн чиглэлийг бий болгоно, ингэснээр манай улсын эдийн засаг, дэлхийн эдийн засаг ямар ч гацаа түгжрэлд орохгүй” гэж Туркийн сайд амлалаа. 

Орос хувилбар буюу БАМ ба Хойд тэнгисийн зам


ОХУ-ын Нийгэм-эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал А.Зубец хэлэхдээ, Оросын баруун хилээс Номхон далайн эрэг хүртэл тавьсан төмөр замыг ашиглах боломжтой гэдгийг дурдлаа. Түүний дотор, Байгал-Амарын төмөр зам /БАМ/ нь Суэцийн сувгийг орлох хуурай замын гарц байх байж болох юм. Иймээс хэдхэн өдрийн өмнө Оросын төмөр замын цэргийн анги нэгтгэлүүд БАМ-ын хоёрдахь салаа болох 340 км урт төмөр замыг барьж эхэлсэн байна.


БАМ болон ТрансСибирийн төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх нь Оросын төмөр замын РЖД  компанийн 2025 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийн нэг хэсэг юм.


Оросын шинжээчийн ярьснаар, Орос-Хятадын эдийн засаг-худалдааны харилцаа эрс өргөжиж буй энэ үед БАМ-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь маш чухал холбогдолтой. Хятад-Америкийн сөргөлдөөн хурцдаж буй энэ үед Хятадын тал Оросын тээврийн дэд бүтцийг ихэд сонирхож буйн учир нь, Америкийн тэнгисийн цэргийн флот нэг л өдөр далайн замыг хаах вий гэхээс хятадууд болгоомжилж байгаатай холбоотой.


Түүнээс гадна, Орос улсын санал болгож буй Хойд тэнгисийн зам бол Суэцийн сувгийг орлох нэгэн хувилбар байх бүрэн боломжтой бөгөөд гол давуу тал нь байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөллийг маш ихээр багасах юм. 2020 онд Хойд тэнгисээр 33 сая тн ачаа тээвэрлэсэн бол 2024 он гэхэд 60-80 сая тн болж өсөх төлөвтэй байна.


Уг замаар тээвэрлэлт хийснээр хүлэмжийн хийн ялгаралтыг 23 хувиар, хөлөг онгоцууд шингэрүүлсэн шатдаг хий ашигласан тохиолдолд 38 хувиар багасгах боломжтой гэсэн судалгааг Москва дахь “Сколково” удирдлагын сургуулийн шинжээчид хийжээ.


Шинжээчдийн илтгэлд дурдсанаар, Шанхай-Роттердам чиглэлээр /10,5 мянган далайн бээр/ 1 тэрбум тонн ачаа тээвэрлэхэд 22,3 сая тн нүүрсхүчлийн хий ялгарах бол Хойд тэнгисийн замаар /8 мянган далайн бээр/ тээвэрлэх үед ялгаралт 5,1 сая тн-оор, шингэрүүлсэн шатдаг хий ашигласнаар дахин 3,4 сая тн-оор багасгах боломжтой. Цаашдаа атомын хөдөлгүүрт хөлөг онгоцуудаар тээвэрлэлт хийж, эсвэл “ногоон” устөрөгч, аммиакийг түлшинд ашиглах аваас хий ялгаралтыг 0 болтол нь бууруулах боломж бий.  


Үүний зэрэгцээ энэ зам дөт боловч хэд хэдэн сул талтай. Цаг агаарын хүнд нөхцлөөс гадна тээвэрлэлт хийх хугацаа хязгаарлагдмал, эргийн дэд бүтэц, аврах-эрэн хайх тогтолцоо сул хөгжсөн зэргээс шалтгаалан гадаадын хөлөг онгоцны эздийн сонирхлыг төдийлөн татахгүй байгаа аж. Эдгээр хүчин зүйл, эрсдэл нь хөлөг онгоц эзэмшигчдийн төлдөг даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээс гадна Оросын мөс зүсэгч хөлөг онгоцууд дагалдан явж буй нөхцөлд зардлыг улам өсгөнө. Түүнчлэн Хойд тэнгист өдөр богино учраас чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцуудын хурд удааширснаар шатахууны зардал өсөж, хугацаа алдана.


Иран хувилбар: "Умард-Өмнөд" коридор  


ОХУ-д суугаа Ираны элчин сайд Казем Жалали “Умард-Өмнөд” олон улсын тээврийн коридор байгуулах ажлыг дахин сэргээх саналыг тавилаа.


Энэтхэгийн худалдааны нийслэл Мумбай хотыг Иранаар дамжуулан Европтой холбодог энэ маршрут 7200 км урт бөгөөд усан зам, төмөр зам, авто замыг хамарсан асар том тээврийн сүлжээ юм. Тодруулбал, энэ бол Энэтхэг, Иран, Афганистан, Армени, Азербайжан, ОХУ болон Төв Азийн нутаг дэвсгэрээр дамжин Зүүн Европын орнуудад хүрэх дөт зам. Эхлээд хөлөг онгоцууд Энэтхэгийн Мумбай хотоос ачааг тээвэрлэн Аравийн тэнгис, Персийн булангаар дайран Ираны Бендер-Аббас боомтод ирнэ. Дараа нь чингэлгүүдийг автомашинаар тээвэрлэн Каспийн тэнгисийн эрэг дэх Бендер-Энзели боомтод хүргэх ба тэндээсээ дахиад усан замаар Баку эсвэл Астрахань хот хүртэл зөөвөрлөж, дараа нь төмөр замаар Европт хүргэнэ.


“Умард-Өмнөд” төслийг санаачлагчдын хийсэн тооцоогоор, Мумбай хотоос нэг чингэлэг ачааг Москвад хүргэх зардал Суэцийн сувгаар дамжуулан тээвэрлэснээс 30-40 хувиар хямд тусахаас гадна хугацааны хувьд 20 хоног хэмнэх аж. Тус коридороор жилд 20-30 сая тн ачаа тээвэрлэх боломжтой, харин жилд 1 тэрбум тн ачаа нэвтрүүлдэг Суэцийн сувагтай харьцуулах нь харьцангуй ойлголт.  


Гэхдээ ирээдүйд Ираны маршрут нь Хятадын “Торгоны зам”-тай өрсөлдөх магадлалтай бөгөөд ийм коридор байгуулахыг зарим улс орон дэмжиж байгаагийн  дотор Хятадын нөлөөнөөс болгоомжилдог Японыг дурдаж болно.  Орос, Иран хоёр ч мөн адил уг төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд амжилттай хэрэгжсэн тохиолдолд оросууд Европын зах зээлийн тодорхой хэсгийг хянаж, харин барууны орнуудын хоригт ороод буй Иран улс ганцаардлаас гарах боломжтой болно.


Ташрамд дурдахад, Иран улс Евразийн Эдийн засгийн холбоонд элсэхэд тун ойртоод байгаа бөгөөд Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз улсыг хамарсан тус интеграцид нэгдсэнээр “Умард-Өмнөд” төсөл хэрэгжих магадлал өндөр.


Израиль хувилбар  


Суэцийн сувагт гацаа үүссэний дараа олон жилийн өмнө яригдаж байсан Израилийн “Бен Гурион” сувгийг хүмүүс гэнэт нэхэн санажээ.


Энэ бол Израилийн Негев цөлөөр дайруулан Газар Дундын тэнгисийг Улаан тэнгистэй холбох суваг юм.  Суэцийн сувгаас арай урт 252 км энэ сувгийг  350-600 тэрбум долларын зардлаар богино хугацаанд буюу 3-5 жилийн дотор барих боломжтой гэж Израилийн эдийн засагч Юрий Гольдман тооцоолжээ. Суэцтэй харьцуулахад уг сувгийг хуурай газраар, зарим хэсэгтээ чулуулаг хөрстэй газраар тавих учраас давуу талтай. Учир нь, Суэцийн сувгийн хөрс нь намгархаг учраас түүнийг цэвэрлэхэд асар их зардал гардаг.


Түүнээс гадна, уг сувгаар хэт том буюу 300 мянган тонноос илүү даацтай хөлөг онгоцууд зорчих боломжгүй учраас Африкийг тойрохоос аргагүйд хүрдэг. Харин эдийн засагч Ю.Гольдманы тооцоолсноор, орчин үеийн техникийн хөгжлийн боломжийг ашиглан Израилийн сувгийг хамаагүй илүү өргөн, гүн ухах учраас жилдээ 90 мянган хөлөг онгоц нэвтрүүлж, дэлхийн худалдааны бараа эргэлтийн 25 хувийг татах боломжтой. Гэхдээ албаны түвшинд суваг барих асуудлыг хөндөөгүй бөгөөд зөвхөн эрдэмтэд, эдийн засагчдын дунд яригдаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.

Ташрамд, нэн шинэ түүхийн хуудсыг сөхвөөс, одоогоос 60 орчим жилийн өмнө 1963 онд Газар Дундын тэнгисээс Акаба булан хүртэл Негев цөлийн дундуур суваг барих нууц төлөвлөгөөг америкчууд боловсруулсан байжээ. Суваг ухах ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэхийн тулд хүнгүй зэлүүд цөлд 1,6 км тутамд 2 мегатонн хүчтэй 4 атомын бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж, үүнд нийтдээ 520 ширхэг атомын бөмбөг шаардлагатай байсан тухай түүхч Алекс Веллерстейн твиттер хуудсандаа дурсан бичжээ. Гэвч төслийг санаачлагчид суваг байгуулахад нөлөөлөх улс төрийн хүчин зүйлийг харгалзан үзээгүй, Арабын орнууд, ялангуяа Египет улс эрс эсэргүүцнэ гэдгийг тооцоогүй учраас уг төлөвлөгөө тэгсхийгээд мартагдсан байна.


Б.Адъяахүү

 

 

Холбоотой мэдээ