Өвөрхангайд уул уурхайн ордуудыг нээх судалгааны ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 10:21:21

Орон нутагт уул уурхайн стратегийн томоохон ордуудыг нээн илрүүлэх ажлын хүрээнд гурван томоохон хайгуул судалгааны ажлыг Өвөрхангай аймагт эхлээд байна.

“Капкорп Монгол” ХХК нь Газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол сумдын нутагт газрын тосны хайгуул судалгааны ажлыг хийж байгаа юм. Судалгаагаар 2-3 таамаглал талбай тогтоож, нарийвчилсан СЕМС судалгааг явуулж байгаа аж.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нийт нутаг дэвсгэрийг хамруулан газрын гүн дэх эрдэст элементүүдийг нээн илрүүлэх хайгуулын ажил хийлээ. Судалгааны ажлын үр дүнд орон нутгийн стратегийн ач холбогдол бүхий ордуудыг нээн илрүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Өвөрхангай аймгийн төдийгүй Архангай, Баянхонгор аймгийн ард иргэдийн нүүрсний хэрэглээг хангадаг Баянтээг нүүрсний уурхайн нөөцийг нмэгдүүлэх хүрээнд 350-400 мянган тонн нүүрс олборлон борлуулах техник, эдийн засгийн үндэслэлийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нөөцийг шинэчлэн тогтоохоор геологи хайгуулын ажлыг эхлүүлжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ