С.Амарсайхан: Вакцинжуулалт тасраагүй, 192 мянган тун вакцин байна

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-04-10 16:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын сайд нар мэдээлэл хийж байна.


Шадар сайд С.Амарсайхан: "Вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явж байгаа, вакцин тасраагүй. Өнөөдрийн байдлаар 192 мянган тун вакцин байна. Вакцинжуулалтыг хөл хорионы үеэр хийх нь халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй учраас 15 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Хатуу хөл хориог үр дүнгүй болгох эрх Засгийн газарт байхгүй. 



Мөн дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон" гэлээ.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Синофарм вакцины хоёр дахь тунг өчигдөр иргэд эхнээсээ хийлгэж эхэлсэн. Нийт 850 иргэн хоёр дахь тунг тариулсан. Гэхдээ хатуу хөл хорионы улмаас дархлаажуулалтыг хойшлуулж байгааг ойлгох хэрэгтэй. Анх синофарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 28 хоног байх зөвлөмж өгсөн тул энэ хугацаанд вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх болсон иргэн байгаа. Үүнтэй холбоотой бид Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан. Ингэхэд Синофарм вакцины Вероселл вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийсэн байхад, дархлаа тогтоход өөрчлөлт гарахгүй гэж мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын 26-наас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Харин тавдугаар сарын 31 гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.

Холбоотой мэдээ