Аун Сан Су Чиг “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг зөрчсөн хэмээн буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-13 11:05:27

НЕЙПИДО. /Kyodo/. Мьянмарын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чиг шүүх хурал даваа гарагт цахимаар болж, түүнийг өөр шинэ хэрэгт буруутгажээ. Аун Сан Су Чиг суллаж, ардчиллыг цогцлоохыг шаардсан жагсаал өрнөсөөр буй тус улсад амиа алдсан хүний тоо 700 давсан байна.


Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал даваа гарагт хэд хэдэн хотод болжээ. Тухайлбал, хойд нутгийн Сагаин бүсэд мотоциклын жагсаал, хоёр дахь том хот болох Мандалайд эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт Янгон хотоос холгүй оршдог Баго хотод өдөрт 80 гаруй хүн амиа алдсан ч жагсагчид тэмцлээ үргэлжлүүлсээр байна.


Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, цэргийнхэн засгийн эрхийг гартаа авснаас хойш ням гаргийн байдлаар 706 хүн амиа алджээ. Мөн 3059 хүнийг баривчлан саатуулж, хэрэг тулгаж, ял ногдуулаад байгааг тус холбооноос мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Аун Сан Су чи болон түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг намын бусад төлөөлөгч багтаж байгаа юм.


Аун Сан Су Чиг даваа гарагт болсон шүүх хурлаар “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг зөрчсөн хэмээн буруутгасныг түүний өмгөөлөгч Мин Мин Со мэдээлжээ. Өмнө нь түүнийг харилцаа холбооны хэрэгсэл хууль бусаар импортолсон, нийгмийг тайван бус байдалд өдөөн турхирсан мэдээлэл тараасан, Янгон бүсийн тэргүүн сайд аснаас 600 мянган ам.доллар, алт авсан, төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн зэрэг таван хэрэгт буруутгаад байжээ.


Цэргийнхэн Аун Сан Су Чигийн Засгийн газрыг түлхэн унагааж, түүнийг гэрийн хорионд оруулсан юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг нийслэл хот дахь гэрээсээ нүүсэн хэмээн мэдээлж байгаа боловч яг хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ