Аймгийн Засаг дарга Д.Бауыржан бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-13 12:19:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд барьж буй Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Ховд голын 200 метр төмөр бетон гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын барилгын ажлын явцтай танилцлаа.

Өлгий хотыг тойрч гарах 18,8 км зам, 200 м төмөр бетон гүүрийн ажлыг Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хотгор Зам”, “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” компаниуд гүйцэтгэж байгаа. Тухайн ажлууд төлөвлөгөө ёсоор энэ онд багтаан ашиглалтад орно.

Харин олон жил тендерийн маргааны улмаас гацаад байсан Цагааннуур-Улаан байшинт чиглэлийн 25.8 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Лонгжан Роуд энд Бридж” компани тодорсон. Одоогоор техник хэрэгслээ татан авч угсран ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажилчдыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах, битум, арматур, цемент зэрэг барилга угсралтын ажилд нэн шаардлагатай материалуудыг татан авалт хийхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, орон нутгаас ажиллах хүч авах санал тавилаа. Мөн зам, гүүрийн ажлыг гүйцэтгэж буй ажилтнуудыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулахаар боллоо.

Холбоотой мэдээ