Өдөрт хүнс, ачаа тээврийн 10-15 машин нэвтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-13 14:35:52

Дорнод /МОНЦАМЭ/. Хөлөнбуйр сумын постоор өдөрт хүнс, ачаа тээврийн 10-15 машин нэвтэрч байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хүнс, ачаа тээврийн машинуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажлын хэсгийн хяналтад ачаа барааг нь буулгаж, жолооч нарыг тусгаарлах эсвэл буцааж гаргах зэргээр зохион байгуулалт хийж байгаа аж.

Тухайлбал, нэг байгууллага, нэг хүний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж ирсэн жолооч тухайн байгууллагын агуулахад ачаагаа буулгах бол олон хүний ачаатай ирсэн машинуудыг тусгайлан бэлдсэн талбайд зогсоож, ачааг нь буулган тухайн эзэд нь биеэр ирж ачаа бараагаа хүлээж авахаар зохицуулжээ. 

Халдвартай бүсээс тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг 24 цагтаа багтан эргээд буцах бол ачаагаа буулгасных нь дараа Хүнс, тээврийн ажлын хэсгээс хяналт тавьж, Баянтүмэнгийн пост руу явуулж байгаа бол гэрийн тусгаарлалтад орох иргэдийг хүргэж өгч, багийн Засаг дарга, ажлын албанд нь мэдэгдэж байна. Ачаа тээврийн жолооч нар халдваргүй бүсэд ирэхдээ олон хүнтэй харьцаж байгаа учир эрсдэл өндөр гэж үзэн, тэднийг иргэдтэй ойрын зайнаас харьцахгүй байлгах, олон газраар оруулахгүйгээр буцаах, эсвэл тусгаарлаж байгаа юм. 

Холбоотой мэдээ