Шинэ Зеланд уур амьсгалын нөлөөлөлтэй холбоотой мэдээллийг ил болгох хууль батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-13 16:38:46

БЭЭЖИН. /Хinhua/. Санхүүгийн компаниуд уур амьсгалын өөрчлөлт бизнест нь хэрхэн нөлөөлж буйг мэдээлж, уур амьсгалтай холбоотой эрсдэл, боломжийг хэрхэн зохицуулахаа тайлбарладаг дэлхийн анхны улс нь Шинэ Зеланд болно гэж тус улсын Худалдааны сайд Дэвид Кларк мэдэгдлээ.


“Ийм хууль баталсан дэлхийн анхны улс болсноор бид жинхэнэ манлайллаа харуулах боломжтой болно. Үүнээс гадна, эдийн засагт үзүүлэх уур амьсгалын нөлөөллийн талаарх бусад орнуудын мэдээллийг ил тод болгох үндэс суурь тавигдаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.  


Уур амьсгалтай холбоотой мэдээллийг ил тод болгох тухай хуулийн төслийг Шинэ Зеландын парламентад өргөн барьсан бөгөөд анхны хэлэлцүүлгийг нь энэ долоо хоногт хийх аж.


Энэхүү хууль нь Шинэ Зеландыг цэцэглэн хөгжиж буй ирээдүйд хүргэх бас нэг алхам болно гэж тус улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Жеймс Шоу мэдэгдсэн байна. "Санхүүгийн салбараас уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын талаарх мэдээллийг танилцуулахыг шаардсанаар их хэмжээгээр агаар бохируулдаг үйлдвэрлэлийн төрлийг тодорхойлох, нүүрстөрөгч бага ялгаруулдаг шинэ технологийг нэвтрүүлэхэд бизнес эрхлэгчдэд тусална" гэж тэрбээр хэлсэн байна. 


Уг хуулийн төсөл батлагдсаны дараа Шинэ Зеландын 200 орчим байгууллага уур амьсгалтай холбоотой мэдээллийг заавал ил тод болгох ёстой болно. Эдгээр компанийн ихэнх нь бүртгэлтэй үнэт цаас гаргагчид, томоохон банкууд, лицензтэй даатгагчид, хөрөнгө оруулалтын компаниуд ажээ. 

Холбоотой мэдээ