“Ерөө” голыг гатлах гэж байгаад мөсөнд цөмөрсөн ачааны хоёр машиныг аврагчид гаргажээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-14 10:12:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 кмЕрөө сумын Буургачин багийн Өвөржаргалант” уулнаас самар ачсан ачааны хоёр автомашин “Ерөө” голыг гатлах гэж байгаад мөсөнд цөмөрч, усанд суусан байна.

Энэ тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 17:55 цагт Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги хүлээн авчээ.

Ийн дуудлагын дагуу тус ангийн захирагч, хошууч Э.Энхбаяраар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 18.10 цагт “Ерөө” голын чиглэлд явж, 12-ны 04:30 цагт очсон аж. Ингээд мөн өдрийн 12:26 цагт Катра загварын 30 тонын даацтай ачааны автомашиныг тэнд очсон 4 ш Зил-131 машины хүчийг ашиглан татан гаргасан байна. Алба хаагчид завиар явж леботка троссыг холбон татан гаргажээ. Энэ хугацаанд суусан машинтай самар түүх зорилготой хамт явсан 12 иргэн голын цаана гал түлэн отог барин учраа олохгүй бүтэн нэг шөнө, хоёр өдөр болсон байна. Харин голд суусан Зил-131 ачааны машины хувьд өөрсдийн хүсэлтийн дагуу цаанаас ирсэн машинаар татуулан гарч цааш явна хэмээн үлдсэн байна. Мандал сумын Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 19-дүгээр ангийн баг бүрэлдэхүүн түргэн шуурхай ажилласны хүчинд хүний амийг хамгаалаад зогсохгүй эд материалын хохирол учраагүй байна.



Холбоотой мэдээ