Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр 4 жил, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр 6 жил ажиллана
ТОЙМУлаанбаатар
/МОНЦАМЭ/. “Шүүхийн тухай” хууль (шинэчилсэн найруулга)-иар Шүүхийн ерөнхий
зөвлөл (ШЕЗ), Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-г Үндсэн хууль (Үндсэн
хуулийн нэмэлтээр)-ийн байгууллага болгосон билээ.
Үндсэн хуулийн
эдгээр байгууллагууд “ Шүүхийн тухай” хуулиар өөрөө өөрийгөө зохион
байгуулна. Зохион байгуулалт хийх хүртэл УИХ-ын хууль зүйн Байнгын хороо
(ХЗБХ) -ны ажлын хэсэг гишүүдийг нь сонгон шалгаруулна. Сонгон
шалгаруулалтыг хууль мөрдөгдөж эхэлсэн (2021-3-1) хойш 120 хоногт
багтаана. Хуулиар ажлын хэсгийг УИХ-ын гишүүн ахлах учиртай
(УИХ-ын даргын захирамжаар томилсон
УИХ-ын гишүүн ахална 77.2). Ажлын хэсэг (УИХ дахь олонх,
цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо,
хууль зүйн сургалт судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн
санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнтэй байна).
Байнгын хорооны дарга С.Баямбацогт ажлын хэсгийг ахалжээ. Ажлын хэсэгт С.Далхаасүрэн (УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга), Д.Батдорж (УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх), Б.Энхболд (ХЭҮК-ын гишүүн), Б.Баасандорж (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга), Б.Саруул (ЕТГ-ын дэд дарга), М.Баасанбат (Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч), А.Бямбажаргал (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга), Г.Амаржаргалан (“Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч) зэрэг хүмүүс Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авчээ. Хуульчдын холбооны төлөөлөл (Ерөнхийлөгч Б.Өнөмөнх) дэмжлэг аваагүй. Түүний орны гишүүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломж Хуульчдын холбоонд хэвээр хадгалагдах юм байна.
ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:
1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;
2.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй
жил ажилласан;
3.төрийн алба хаах насны дээд хязгаарт
хүрээгүй;
4.сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;
5.сүүлийн таван жил улс төрийн албан тушаал
болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
6.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх мэт шалгуурыг хангасан байх ёстой юм байна. Мөн бүрдүүлэх материалын жагсаалт гаргажээ.Тухайлбал:
1.нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт
/“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг
сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын
дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;
2.төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг
зурсан байх/;
3.иргэний үнэмлэхийн хуулбар;
4.нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын
зэргийн дипломын хуулбар;
6.хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг
нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;
7.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй
жил ажилласныг нотлох баримт;
8.хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
9.Шүүхийн тухай хуулийн 76.3 эсхүл 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг бүрдүүлсэн нэр бүхий хуульчдыг байнгын хороо бүртгэн авчээ.
ШЕЗ (29), ШСХ (24) -ны шүүгч бус тус бүр 5 нийт 10 гишүүний орон тоон дээр 53 хүн нэр дэвшээд байна. Эдгээр нэр дэвшигчдийн талаар Байнгын хороо нээлттэй сонсгол явуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй хэлэлцэнэ. Энэ ажлыг хуулийн хугацаанд буюу 120 хоногт багтаана гэж дээр хэлсэн билээ. Ийм учраас ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулалт ирэх 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ гэж урьдчилан төлөвлөжээ. Тодорхой хугацаанд үргэлжлэх энэ хэлэлцүүлэг ямар түүхтэй хэн гэдэг эрхэм дээрх нэр бүхий зөвлөл, хорооны гишүүнээр сонгогдов гэдэг мэдээллийг олон нийтэд хүргэх боломжийг нээж өгнө. Эдгээр хэлэлцүүлгийн явцад нэр дэвшигчийн талаар иргэд байр сууриа, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. Гэхдээ нэргүй шүүмжлэл, баримт материалыг хүлээн авахгүй юм байна.
Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын төгсгөлд олонхийн санал
авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тооны тоогоор
Байнгын хороонд тайлангийн хамт ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ (77.4.5).
Байнгын хороо УИХ-ын чуулганд дүгнэлтийн хамт оруулна. УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан хэлэлцээд ШЕЗ, ШСХ гишүүнээр томилохоос
татгалзсан тохиолдолд дараагийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дахин
оруулахаар хуульчилжээ. ШЕЗ, ШСХ шүүгч бус дээрх тооны гишүүдээс
гадна, шүүгч гишүүнтэй байх юм.
Шүүгч гишүүн “Шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан байна. Сахилгын шийтгэл хүлээгээгүй байх” гэсэн тодорхой шалгууртай. “Нийт шүүгчийн чуулган”-аас шүүгч гишүүдийг тодруулна. “Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан” “Нийт шүүгчийн чуулган” байна гэж тодорхойлжээ (20 зүйл). Хяналтын шат (УДШ)-ны шүүх, давах болон анхан шатны шүүхийн төлөөллөөс шүүгч гишүүд бүрдэхээр хуульчилжээ. Нийт шүүгчийн чуулган 2 жилд 1 удаа чуулна. Гэхдээ нийт шүүгчийн чуулган болон санал хураалт цахимаар явах боломжтой байхаар зохицуулжээ. ШЕЗ-д 5 шүүгч бус, шүүгч 5 нийт 10 гишүүнтэй байна. Энэ зөвлөл бүх шатны шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулна. Ерөнхий зөвлөлийн гишүүд нэг удаа 4 жилийн хугацаатай зөвхөн 1 удаа ажиллана. Зөвлөлийн даргыг гишүүд хуралдаж дотроосоо 1 жилийн хугацаатай нэг удаа нууцаар санал хураан сонгоно. Харин ШСХ шүүгч бус 5, шүүгч 4 нийт 9 гишүүнтэй байна. Гишүүд 6 жилийн хугацаатай ганцхан удаа ажиллана. Нийт гишүүд хуралдаж дотроосоо даргаа 1 жилийн хугацаатай нууцаар санал хураан сонгоно. Үйл ажиллагааны гол цөм нь бүх шатны шүүгчтэй хариуцлага тооцно.