Цар тахлын дараах шинэ эрин

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-16 14:01:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахиныг хамарсан цар тахлыг даван гарах тэмцэлд вакцин гарч ирснээр хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Тиймээс “КОВИД-ын дараах дэлхий ертөнц ямар байх вэ” гэдэгт хүн төрөлхтөн урам зоригтойгоор хариулт хайж байна. “КОВИД-ын дараах эрин” нь бидэнд  том эргэлт авчрах уу, бага зэргийн өөрчлөлт төдий зүйл болон үлдэх үү гэдэгт өдгөө бүрэн хариулах эрт байж болох ч бид энэ талын төсөөлөл мэдлэг, бэлтгэлтэй байх нь зүйтэй юм. Учир нь унасан эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сэргээх, аж амьдралаа хэрхэн цогцлоох вэ гэдэг нь улс орон болгоны тулгамдсан асуудал билээ.


Цар тахлаас үлдсэн сургамж


Цар тахал хамгийн нэгдүгээрт, хувь хүний болон нийгмийн харилцаа хэчнээн эмзэг гэдгийг мэдрүүллээ хэмээн гадаад, дотоодын судлаачид онцолж байна. Европын орнуудад ази хүмүүсийг, тэр дундаа хятадуудыг олон нийтийн газар гадуурхах буруутгах байдал цухалзуулж, яарч тэвдэн дэлгүүрийн лангууг хоосолж буй дүрс бичлэг, нийтлэлүүд цар тахлын эхэн үед гарч байв. Ойр дотныхноо болзошгүй халдаагч гэсэн хөндийрхөл, хүнийрхэл үүсгэж байлаа. Энэ нь цар тахлыг хүн төрөлхтөн хэрхэн цочирдон хүлээж авсны тод илэрхийлэл төдийгүй нийгмийн харилцааны сургамж болон үлдсэн билээ. 


Гэхдээ коронавирус нь нийгмийн харилцааны шинэ хэлбэрүүдийг бий болгоно гэсэн найдлага сөргөн батжив. Хүмүүс нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, эв нэгдэл чухал юм байна гэж ойлгож эхэлсэн. Монгол Улс эх орондоо цар тахлыг оруулахгүй тогтоон барьсан бараг нэг жилийн хугацаанд дэлхийн олон улсад үлгэр жишээ болон үнэлэгдэж байлаа. Чингисийн үеэс монголчуудын генд байсан эв нэгдэл цар тахалтай хийх тэмцлийг амжилтад хүргэж байна гэж хүртэл бичиж байв. Гар барилгүй, мэхийн ёсолдог уламжлалт мэндчилгээ зэрэг нь монгол үндэстнийхээ соёлын үнэ цэнээр бахархах хандлагыг түгээв. Энэ мэт хүн төрөлхтөн үнэт зүйлээ эргэн харах, тэгэхдээ бүр шинээр үнэлж цэгнэх байдал руу шилжлээ.


Тогтмол орлоготой, хөл дээрээ тогтсон байгууллага, өрхийн хувьд цар тахлаас сэргийлэх хөл хорио нь гэр бүлдээ зарцуулах цагийг урьд байгаагүйгээр олгож, өөрсдийн дотоод нөөц боломжийг нээж илрүүлэх, хөгжих, бизнесийн санааны хувьд дараагийн шатанд өөрсдийгөө бэлтгэх боломж гэдгийг харуулав. Харин үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бизнес нь хязгаарлагдмал байгууллагын хувьд бизнесийн чиглэлээ өөрчлөх сонголттой нүүр туллаа.

Түүнчлэн цар тахлын голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, бүр ажил гэж тоодоггүй хүргэлтийн ажилтнуудыг үнэлэх нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөв. 


Амьдралд хандах хандлага өөрчлөгдөөд зогсохгүй, хувь хүний болон нийгмийн хангамжийн асуудалд илүү анхаарах, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэх нь чухал гэдгийг ойлголоо. Энэ салбарт хэмнэлт гаргах гэдэг ойлголт хэзээ ч байж болохгүйг ухаарав. Мөн төрийн байгууллагууд дараа дараагийн цар тахлын үед онц шаардлагатай хэрэгслийн дутагдалтай байхгүйн тулд нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг ухамсарлав. Эцсийн дүндээ цар тахалтай тэмцэхэд улс үндэстэн бүхэн хүчээ нэгтгэхээс өөр аргагүйг ойлгуулсан нь нийгмийн харилцаанд гарсан том өөрчлөлт байлаа. Эдгээрээс үндэслэн коронагийн дараа ямар байх хөгжлийн хандлагуудыг төсөөлж болох мэт.


Цахим эриний эрчимтэй хөгжил


Үнэндээ энэ хямрал цахим харилцаа холбооны хөгжлийг идэвхжүүлэхэд гол түлхэц боллоо. Цар тахлын дэгдэлтийг хумихын тулд хамгийн түрүүнд цахимд шилжсэн нь боловсролын салбар. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас эхлээд МСҮТ, их дээд сургуулиуд ч цахимаар хичээллэх болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт сургуулиудын 90 гаруй хувь нь цахим орчинд шилжиж, 1.6 тэрбум хүүхэд, залуус зайнаас суралцаж байна. Үүнийг дагаад дэлхий нийтэд цахим хичээлийн вебсайт болон бусад хэрэгсэл ихээхэн өндөр хандалтыг дагуулав. 


Үүнээс гадна пүүс компаниуд, төр захиргааны байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулах, иргэдэд үйлчилгээгээ цахимаар хүргэх бүхий л боломжийг эрэлхийлж эхэлсэн. Үүнийг дагаад хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах цахим технологиуд хөгжсөнөөс хамгийн олон хэрэглэгчтэй нь zoom болон clubhouse болоод байна. Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаас эхлээд өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган ч цахимаар болсон.


Улмаар соёл урлагийн байгууллагууд тэр дундаа музейнууд цахим хэлбэрт шилжиж, цахим үзэсгэлэн зохион байгуулахаас гадна үзмэрүүдээ ч цахимаар олны хүртээл болгох болсон.  Тухайлбал, Google Arts & Culture нь дэлхийн 500 гаруй музей, галлерейн үзмэрүүдийг нэг дор цуглуулж, цахимаар үзэх боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр хөл хорионд байгаа хүмүүст цахимаар үзэсгэлэн үзэх, түүх, соёл урлагийн мэдлэгээ тэлэх боломж олгосон төдийгүй цаашлаад цар тахлын дараа тухайн улсууд руугаа аялах хүсэл эрмэлзлийг төрүүлэх сэдэл болгов.


Үүнээс гадна Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ цахимаар өргөн барьж, улс дамнасан компаниуд цахимаар харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цахим худалдааны бизнес цаг тутамд өргөжин тэлсэн гээд цаг зав, зардал хэмнэсэн цахим орчны давуу талыг цар тахлын үед дэлхий нийт хангалттай мэдэрч, ашиглаж байна. Цаашдаа ч энэ хандлагыг улам төгөлдөржүүлэн хүчитгэх нь гарцаагүй. Гэхдээ үүнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол мэдээж кибер халдлага юм. Судалгаанаас харахад, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн нь дэлхийн хэмжээнд 2020 онд 3.5 сая хүн болсон нь 2019 оныхоос 25 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Монгол Улс ч цахим технологийг хөгжүүлж, хүүхэд багачуудаа зайнаас сургах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх боломжит арга замыг эрэлхийлж буй. Үүний хамгийн тод илрэл нь цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia. Ноднин 10 дугаар сард нээсэн уг системд төрийн 316 үйлчилгээг оруулаад байгаа бөгөөд зургаан сарын хугацаанд нэг сая хэрэглэгч буюу Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 50 хувь нь ашиглаж байна. Цаашдаа 592 үйлчилгээг уг системд нэгтгэхээр төлөвлөж байна. Цахим технологийг хөгжүүлэхэд Монгол Улс бусад улс орны туршлагаас суралцах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь туйлын чухал билээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банк /АХБ/ энэ ажлыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа, “Дэвшилтэт технологийг ашиглах, цахим шилжилтийг хурдасгах нь бүс нутгийн хэмжээнд улс орнууд бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгаа дээшлүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зайлшгүй чухал гэдэг нь ойлгомжтой.

Иймд, цахим шилжилт нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн мөчлөгт туйлын чухал чиг хандлага, шинэчлэл хийх чухал талбаруудын нэг байх болно. Монгол Улсад төрийн үйлчилгээ, төрийн албаны шинэчлэлийн үйл явцыг сайжруулахад цахимжилт, дижитал шилжилтийг зайлшгүй хийх хэрэгтэй.

Гэхдээ энэ бол бодлогын тууштай байдал, сайтар боловсруулсан шинэчлэлийн хөтөлбөр, хувийн хэвшлийн оролцоо, далайцтай манлайлал шаарддаг цогц асуудал юм. АХБ институцийн хөгжил, цахим чадавхыг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих үүднээс мэдлэгийн болон бусад дэмжлэг тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаа” хэмээсэн юм.


Үнэтэй оффиссоос цахим орчин руу


Зайнаас ажиллах боломж бүрдэж, цахим уулзалт “мода”-нд орсон нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ихээхэн өөрчлөлт оруулж эхлээд байна. Бүр тодруулбал, компанийн ажилтнууд ажлын газартай ойр орон сууцтай болох шаардлага багасна. Нөгөө талаас оффисын байр талбайтай холбоотой хэвшмэл ойлголт өөрчлөгдөж хэрэгцээ буурна гэж дэлхий дахинд таамаглаж байгаа. Энэ таамаглал ч хэдийнээ бодит үнэн рүү ойртож буйг зарим судлаач танилцуулж буй. Тухайлбал, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн хамтарсан “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Тусламж дэмжлэгээс сэргэлт өөд” судалгаанд Монгол Улсын банкны салбарын нийт олгосон зээлийн 20 орчим хувь нь цар тахлын нөлөөнд өртсөн гэдгийг онцолжээ. Үүний 46 хувийг  уул уурхай, 38 хувийг барилга, 35 хувийг худалдаа, 26 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлж байгааг дурдсан байна.


Үүнээс улбаалан Монгол Улсад үнэтэй байр талбай түрээслэх гэхээс илүү өөрийн хашаа байшинд, гэртээ ойр байдлаар ажил амьдралаа төвхнүүлэх сэтгэлгээ өсөх хандлага гарч магадгүй. Иргэд ч мөн энэ талаар өгүүлж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Л.Шижир МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа "Би заавал хотын төв явах шаардлагагүй болсон" хэмээн онцолжээ. Иргэн бүрт E-Mongolia төсөл төрийн үйлчилгээг ойртуулсан бол, өөрөө цахимаар ажиллаж, дүүрэгт нь АХБ-ны санхүүжилтээр "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл" хэрэгжиж, 240 хүүхдийн цэцэрлэг, сургууль баригдсан тул гэртээ ойр цэцэрлэгт хүүхдээ өгчихдөг болжээ. Энэ бол иргэдийн амьдралд гарч буй өөрчлөлтийн зөвхөн нэг жишээ юм. 


"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр"-ийн хүрээнд "Баянхошуу дэд төв"-ийг мөн байгуулсан. Тус төвийн Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв дэх Иргэдийн мэдээллийн өрөөнөөс иргэд газар зохион байгуулалтаас эхлээд төрийн үйлчилгээний мэдээллийг авах боломжтой бол Бизнес төвд нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, гарааны бизнесээ эхлэх боломжтой болсон.


Цар тахлын энэ үед манай улсад дэлгүүр худалдааны төвд лангуу түрээсэлдэг худалдаа эрхлэгч нар хөл хорионы үед гэрээс бараа үйлчилгээгээ сурталчлах, борлуулах дадал зуршилд нэлээд суралцсан. Үүнд фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээ хамгийн том талбар болж буй юм. Энэ байдал бусад оронд ч ижил байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд том талбайтай, байрлал сайтай, гял цал болсон үнэтэй оффис хайх нь харьцангуй буурч магадгүй байна.


Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг үндсээр нь өөрчлөх боломж


Цар тахал дэлхийн эдийн засагт хүнд цохилт болж, хөрөнгийн зах зээл уналтад орсны сацуу хөдөлмөрийн зах зээлд түүхэнд байгаагүй хямрал нүүрлэсэн. Энэ байдал одоо ч үргэлжилж байгаа. Япон Улсад цар тахлын улмаас өнгөрсөн онд 80 мянган хүн ажилгүй болсон бол АНУ-д ноднин зөвхөн 12 дугаар сард 140 мянган хүн цомхотголд орсон тухай мэдээлэл олны анхаарлын төвд орж байв. Үүний дийлэнх нь нийтийн хоол, зочид буудал болон тээврийн салбарт ажиллаж байсан хүмүүс эзэлж буй. Гэвч бусад салбарт эргээд энэ хүмүүсээ шингээх ажлын байр ховор бөгөөд хямралын үед аж ахуйн нэгжүүд шинээр ажилтан авахаасаа илүү ажлын байраа цөөлөх, одоо байгаа ажилтнуудаа илүү чадавхжуулах боломжийг эрэлхийлж байгаа юм.


Хэдийгээр цар тахлын дараа аялал жуулчлал сэргэж, зочид буудал, тээврийн салбарт эергээр нөлөөлнө гэсэн хүлээлт байгаа ч энэ хоёр салбарт урт хугацааны бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт гарах шинжтэй байна.


Цар тахлын үеийн хөл хорионы үед гэртээ байгаа эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байв. Гэсэн ч эерэг нөлөөлөл мөн ажиглагдаж байна. Хүүхэд төрүүлээд гэртээ суух, эсхүл сургууль, цэцэрлэгийн хүүхдээ зөөх үүрэг дийлэнхдээ эмэгтэйчүүдэд ногддог. Харин хөл хорионы үеэр зайнаас ажиллах буюу Home office-оор ажиллах хандлага нь эмэгтэйчүүдийг гэртээ байгаад гэр бүлдээ анхаарахаас гадна хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, гэртээ байдаг эмэгтэйчүүд нийгмийн харилцааны хувьд хязгаарлагдах биш цахим орчин эмэгтэйчүүдэд өргөн боломж олгох талтай нь харагдаж байна.

Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд харахын тулд ажлаас гарах, ажлын байрны бэлгийн дарамтад өртөх, улмаар ажлаас халагдах шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөлд байдалтай тулдаг байсныг өөрчлөхөд том түлхэц өгч магадгүй юм. 


“Коронагийн үеийн” гэсэн нэгэн бүтэн үе гарах эрсдэл


Цар тахал намжсаны дараа улс орнуудын хамгийн нэгдүгээрт тавих зайлшгүй шаардлагатай салбар бол боловсрол. Цар тахал дэгдсэн даруйд хамгийн түрүүнд цахимд шилжсэн салбар боловсрол гэдгийг дээр дурдсан. Танхимын сургалтаас гэртээ дэлгэцний ард суралцахаас өөр аргагүйд хүрсэн энэ байдал сурагч, багш, эцэг эх нарын аль алинд томоохон шалгуур болж буй. Гэхдээ олон жил ярьсан цахим сургалт зөвхөн энэ цар тахлын үед л ажил хэрэг болж үр дүнгээ харуулж байна гэж манай судлаачид өгүүлж байна. Гол нь, телевизээр үзэх, эсхүл цахим орчинд шууд холболтоор хичээл заахад гэртээ байгаа хүүхдийн анхаарал төвлөрөхгүй байх, хоцрох нь энгийн асуудал төдийгүй ойлгоогүй зүйлээ багшаасаа шууд  асуух боломжгүй нь хичээлийн хоцрогдолд орох том суурь болж байна. Энэ бол ирээдүйд боловсролоор хоцрогдсон “Коронагийн үеийн” гэсэн нэгэн бүтэн үе гарах эрсдэлийг бий болгож байна. Хэрэв вакцинжуулалт удааширч сургууль ажиллахгүй удвал  энэ нь бүр гарцаагүй билээ. Сургалтын тасалдал гүнзгийрч, “хагас боловсорсон” сэхээтнүүд, сурагчид төрөх магадлал тун ойрхон тул улс орнууд үүнд чиглэсэн бодлого хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.


Цар тахлыг даван туулах түлхүүр


Хүн төрөлхтний өмнө гэнэтийн аюул заналыг авч ирсэн коронавирусийг шинжлэх ухаан л ялна гэдгийг дэлхий нийт ойлгов. Бидний нийтлэг хийлгэдэг улаанбурхан, улаанууд зэрэг вакциныг анх 10-15 жилийн судалгаа, хөгжүүлэлтийн дүнд гаргаж авсан байдаг бол коронавирусний вакциныг ердөө жил хүрэхгүйн хугацаанд гаргаж авлаа. Энэ бол шинжлэх ухаан хэрхэн үсрэнгүй хөгжиж байгааг илэрхийлэх бодит жишээ юм.


ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгөхдөө, “Цаашид сургалт, судалгааны аль ч байгууллагад дижитал буюу цахим профессор, цахим судлаач зэрэг  албан ёсны статус бүхий шинэ орон тоо бодитой буй болж, цахим эрхзүйн зохицуулалтаар зохицуулагдах биз ээ. Энэ бол нийгмийн харилцаанд шилжилт явагдаж байна гэсэн үг юм” хэмээн онцлоод Монгол Улсын шинжлэх ухааны салбарт зарцуулдаг хөрөнгө мөнгө дэлхийн бусад хөгжиж буй улс орныхтой харьцуулахад харьцангуй бага буюу ДНБ-ий 0.15 хувь гэж үздэг. Энэхүү хөрөнгө оруулалтыг нэмж, төрөөс шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм.


Цар тахлыг даван туулахад хэр хугацаа зарцуулах, бидэнд дахин ямар сургамж үлдээх, ямар шинэ боломж нээхийг бүрэн таамаглах боломжгүй хэвээр байна. Гэхдээ дэлхий нийт цар тахлыг хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, шинжлэх ухааны хүчээр даван туулж, шинэ амьдралын хэв маягт шилжих нь гарцаагүй юм.

Холбоотой мэдээ