Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Дамдин бурхны хот мандал

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-04-16 09:55:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт Их хүрээний урчуудын урлагийн олон төрлийг илэрийлсэн хот мандлууд хадгалагдсаны дотор лагшны хот мандал цөөнгүй байдаг. Үүнээс Дамдин бурхны хот мандлын талаар танилцуулж байна.

 

Хот мандал гэдэг нь бурханы орон ба түүнийг эгц дээрээс нь харуулсан дүрслэл /тойм зураг/ юм. Бурхан бүр өөрийн гэсэн хот мандалтай бөгөөд 15200 гаруй хот мандал байдаг гэж үздэг. Хот мандлыг танка зураг, зээгт наамал, мод, өнгөт элсээр урлах ба оюун санаа, бясалгалын шүтээн дүрслэлийн цогцолбор юм.

 

Хот мандлыг бүтээхдээ лагшин /бие/, тааллын /сэтгэл/, зарлигийн /хэл/ гэсэн гурван янзаар бүтээж бие, хэл, сэтгэл гурвыг төлөөлдөг. Лагшин буюу биеэр бүтээх гэдэг нь мандлыг бодитоор дүрслэн бүтээх, зурах /хоёр хэмжээст барих/ гурван хэмжээсээр цогцлон дүрслэхийг хэлдэг. Тэр дундаа шүтээн урлалын төрлөөр бүтээх лагшны хот мандал нь гадаад мандалд багтаж, ангиллаар зургийн хот мандалд багтдаг.

 

Дамдин бурхныг монголчууд адуун сүргийн сүлдэн бэлгэдэл хэмээн эрхэмлэн дээдэлдгээс гадна лусын эзэн хэмээн шүтдэг. Түүнийг Их хүрээ болон монголын олон сүм хийдийн гол сахиус болгон шүтдэг байсан нь монголчуудын морийг эрхэмлэн дээдлэх үзэлтэй холбоотой байж болох юм. Тухайлбал, Монгол үндэсний эрийн гурван наадмын нэг төрөл хурдан морины уралдааны морь унах хүүхдүүд уралдахын өмнө Дамдин бурхны зүрхэн тарнийг уянгалуулан гийнгоолж, мориныхоо сүр хүч, хийморь сүлдээ сэргээдэг.

 

Дамдинсандүв буюу Дамдин бурхны энэхүү хот мандлыг ногоон өнгийн дэвсгэрт дүрсэлсэн. Бүтцийн хувьд нэг тойрогт мандалд багтах бөгөөд бурхны тоо нэг. Төв хэсэгт Дамдинсандүв бурхан улаан дэвсгэр дээр бадамцэцгийн наран мандалд оршино. Төв хэсэгт орших бурхны гадуур хар тойрог дээр очир дүрсэлсэн байна. Төв хэсгийг шар, улаан, ногоон, цагаан, цэнхэр дөрвөн гурвалжинд хуваан дүрсэлжээ.

Гадна талын улаан өнгийн дөрвөлжин хүрээний дөрвөн талд дөрөв, дөрвөөр нийт 16 дагинас буй. Мөн дөрвөн буланд хоёр, нийт найман саран дэвсгэртэй тал очир буй, энэ нь бурхны бие, хэл, сэтгэл гурвыг бэлгэдэнэ. Харин цэнхэр өнгийн хүрээнд унжлага бүхий зээ бад дүрсэлжээ.

 

Дөрвөн хаалга тус бүрийн дээд талд хүрд, хоёр талд нь бодь гөрөөс, үүл дүрсэлж, хоёр талд нь бумба, туг хиур, орхимжоо толгой дээгүүрээ нөмөрсөн хувраг, дөрвөн өнцөг тус бүр шүхэртэй.

Шүхрийн бэлгэдлийг авч үзвэл, алив бүхнийг гадны аюулаас хамгаалдаг гэдэг. Иймд дөрвөн өнцөгт дүрсэлсэн шүхэр нь Махаранзыг төлөөлж байгаа болов уу хэмээн үзэж байна. Хот мандлын хамгийн гадна талаар очир, бадам цэцэг, галан гэсэн дараалал бүхий гурван тойргоор хүрээлнэ.

 

 Дамдин бурхан

Холбоотой мэдээ