Украины хилээс цэргээ татахыг ОХУ-д уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-17 11:31:24

БЕРЛИН. /Ukrinform/. Германы Канцлер Ангела Меркель, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар баасан гарагт гурван талын хэлэлцээ хийх үеэрээ Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ зузаатгахаа зогсоохыг ОХУ-д уриаллаа.


Гурван талын хэлэлцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Парист айлчлах үеэр болсон бөгөөд Германы Канцлер хэлэлцээнд дүрс бичлэгээр холбогдож оролцжээ.


“Холбооны Канцлер, Ерөнхийлөгч Макрон, Ерөнхийлөгч Зеленский нар Украин-Оросын хилийн аюулгүй байдал, мөн Украины зүүн нутгийн байдлыг хэлэлцлээ. Гурван улсын удирдагчид ОХУ Украинтай залгаа хилийн бүсэд цэргийн хүчээ зузаатгаж байгаад, мөн Крымийн хойгийг хууль бусаар нэгтгэсэнд түгшиж байгаагаа илэрхийлж, байдлыг хурцатгахгүйн тулд цэргээ татахыг тус улсаас шаардлаа” гэж Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Меркель, Макрон нар мөн Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ цохон тэмдэглэсэн байна. “Тэд Минскийн хэлэлцээрийг хоёр тал бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод Герман, Франц улс "Нормандын дөрвөл" -ийн уулзалтыг үргэлжлүүлэхийн тулд хүчин чармайлт тавина гэдгийг мэдэгдэв” гэж Зейберт нэмж хэлжээ.


 


Холбоотой мэдээ