Рауль Кастро Кубын Коммунист намын удирдах албан тушаалаас огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-17 12:06:35

ХАВАНА. /RIA Novosti/. Кубын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро Хавана хотод болсон намын VIII их хурлын үеэр огцорч буйгаа мэдэгдлээ гэж тус улсын төрийн хэвлэл болох “Granma” сонин мэдээлжээ.


“Армийн генерал улс орныхоо удирдлагыг хувьсгалд үнэнчээр зүтгэж, олон арван жилийн туршлагаар хатуужиж, бэлтгэгдсэн удирдагчдын багт хүлээлгэн өгөхдөө таатай байна гэлээ” гэж тус сонинд онцлон тэмдэглэсэн байна.


Өдгөө 89 настай улстөрч энэ албан тушаалыг 2006 оноос хойш хашсан юм. Ах Фидель Кастро нь эрүүл мэндийн шалтгаанаар бүрэн эрхээ түүнд шилжүүлэн өгсөн билээ. 2018 онд Раул Кастро Сайд нарын Зөвлөл, Төрийн зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний оронд Кубын одоогийн Ерөнхийлөгч Мигель Диас-Канел томилогджээ.


Рауль нь Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн дүү бөгөөд түүний хамтран зүтгэгч юм. Тэрбээр 1959 оны хувьсгалаас хойш Кубын цэргийн сайдаар 50 жил ажилласан бөгөөд эрх баригч нам, төрийн тэргүүний албан тушаалд Фиделийг орлож байв.


Холбоотой мэдээ