Дэлхий даяар “COVID-19”-өөр нас барсан хүний тоо 3 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-04-18 13:58:28

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо бямба гаргийн байдлаар 3 000 225-д хүрлээ гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.


Энэ үзүүлэлтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебреисус цар тахал дэгдсэнээс хойш вирусний халдварын тархалт хамгийн өндөр түвшиндээ ойртож буйг анхааруулсны дараа хүрчээ.


Нас баралтын хамгийн олон буюу 566 224 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн байна. Тус улс халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт орсон хэвээр байгаа бөгөөд халдвар авсан хүний тоо 31 575 640 болжээ. Хоёрдугаарт 368 749 өвчтөн нас барж, халдварын 13 832 455 тохиолдол бүртгэгдсэн Бразил, гуравдугаарт 211 ​​693 нас баралт, халдварын 2 299 939 тохиолдол бүртгэгдсэн Мексик орж байна. Тус улсын дараа Энэтхэг (175 649 хүн нас барсан), Их Британи (127 472 өвчтөн нас барсан) бичигджээ.


Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 140 сая орчим халдварын тохиолдол бүртгэгджээ.


Одоогийн байдлаар дэлхийн 165 улсад 860 сая гаруй тун вакцин хэрэглээд байна.


Холбоотой мэдээ