Нефтийн үнэ нэг торх нь 74 ам.долларт хүрч магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-04-19 11:58:58

НЬЮ-ЙОРК. /TASS/. Цар тахлын үеэр дэлхий даяар нефть хадгалах байгууламжуудад хуримтлагдсан нөөц дуусаж байгаа тул энэ оны хоёрдугаар улиралд нефтийн үнэ 74 ам.долларт хүрч өсөж магадгүй гэж “Bloomberg” агентлаг Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглалаас эш татан мэдээлжээ.


Хоёрдугаар сард дэлхийн хөгжингүй орнуудын нефтийн нөөц 2015-2019 оны дундаж хэмжээнээс 57 сая торхоор нэмэгдсэн байна. 2020 оны долоодугаар сард нефтийн илүүдэл нөөц бараг тав дахин их буюу 249 сая торх байжээ. Харин сүүлийн саруудад эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нефтийн нөөц ихээхэн багассан байна.


Одоогийн байдлаар хамгийн их хэмжээний нөөц Хятадад хадгалагдаж байгаа бөгөөд Америкийн нефтийн нөөц цар тахлын өмнөх хэмжээнд хүрчээ. Хоёрдугаар сард тус улсын нефтийн нөөц 1.28 тэрбум торх байсан байна. АНУ-ын Зүүн эрэгт нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт сүүлийн 30 жилийн хамгийн доод хэмжээнд хүрчээ. Үүний зэрэгцээ сүүлийн хоёр долоо хоногт цистернүүдэд хадгалагдаж байсан нефтийн нөөц 27 хувиар буурч 50.7 сая торх болсон байна.


Лондоны ICE биржийн өнгөрөгч баасан гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 67.08 ам.доллар болж өсжээ. 

Холбоотой мэдээ