Орхон аймагт 2019 онд төрөлхийн хөгжлийн гажигтай 58 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-19 12:21:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсад жилд дунджаар 77000 орчим хүүхэд төрдөг. Үүний 0.7 хувь нь төрөлхийн хөгжлийн гажигтай төрж байна. Ийм хүүхдүүдийн 19.5 хувь нь зүрх судас, 18.2 хувь нь хоол боловсруулах, 10.1 хувь нь мэдрэлийн тогтолцооны гаж хөгжилтэй байна. Тодруулбал, 2018 онд улсын хэмжээнд 611 хүүхэд төрөлхийн хөгжлийн гажигтай төржээ.

Харин Орхон аймагт жилд дунджаар 2500 хүүхэд төрдөг бөгөөд 2014 онд төрөлхийн хөгжлийн гажигтай 31 хүүхэд төрсөн бол 2019 онд энэ тоо 58 болж нэмэгдсэн байна. Мөн төрөлхийн хөгжлийн гажигтай төрж байгаа нярайн дийлэнх буюу 49.4 хувь нь зүрх судас, 10.3 хувь нь бэлэг эрхтэн, 8 хувь нь яс булчингийн тогтолцооны гажигтай төржээ.

БОЭТ-ийн Төрөх тасгийн эмч нарын хийсэн судалгаагаар, 2019 онд төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн 58 хүүхдийн 20 нь хаврын улиралд төрсөн байна. Энэ нь Орхон аймгийн газар зүйн байршил, үйлдвэржилт, агаарын бохирдолтой холбоотой байх гэж үзжээ. Мөн нөхөн үржихүйн дундаж нас буюу 25-29 насны эмэгтэйчүүдээс төрсөн хүүхэд төрөлхийн хөгжлийн гажигтай байгаа нь эмч нарын санааг ихэд зовоож байгаа юм. Түүнчлэн 4-өөс дээш удаа төрж байгаа эхчүүдэд  түлхүү тохиолдож байгаа аж.

Эхчүүдийн ажлын нөхцөл, боловсрол, амьдралын хэв маягийг нь судлахад, дунд болон дээд боловсролтой эхчүүдийн эзлэх тоо их гарчээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн 58 нярайн эхчүүдийн 37 нь дунд боловсролтой байжээ. Харин ажлын нөхцөл нь огт нөлөөлөөгүй байна. Үүнээс 46 эх эхний 3 сартайдаа жирэмсний хяналтад хугацаандаа орж байжээ.

Тодруулбал, эхчүүд жирэмсний эхний 3 сартайдаа эмчийн хяналтад орох нь цаашид үүсэх эрсдэлийг багасгаж,  ургийн гажгийг эрт мэдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл,  11-13 долоо хоногтой ургийн  шилэн хүзүүний арын зайг хэмжих пренаталь хэт авиан шинжилгээ /эко аппаратаар/ хийх, жирэмсний эхний 3 сарын биохимийн сорилыг хавсран хэрэглэвэл ургийн хөгжлийн төрөлхийн гажгийг эрт илрүүлж, эрсдэлийг тооцох боломжтой ажээ.

Харин Орхон аймгийн БОЭТ-д ийм эхо аппарат дутагдалтай байгаа юм. Хэрэв ийм аппаратгүйгээр цаашид үргэлжилбэл төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн тоо 2019 оныхоос /2019 онд 58/ 5-аар нэмэгдэх магадлалтай байна. Төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн амьдрах чадвар муудах, хөгжлийн бэрхшээлтэй болох гээд олон асуудал бий. Тиймээс жирэмсний эхний таван сартайд ургийн гажгийг илрүүлэх эхо аппаратаар төрийн эмнэлгээ хангах нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээж буй маш том хариуцлага юм.

Зуу гаруй сая төгрөгийн үнэтэй уг аппарат нь Орхон аймагт багадаа 4 ширхэг хэрэгтэй байгааг ч судалгаа хийсэн эмч нар хэлж байна. Тиймээс  БОЭТ-д пренаталь хэт авиан шинжилгээ, оношилгооны цогц төвийг нэн даруй байгуулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, түүнд ажиллах боловсон хүчинг бэлдэх шаардлагатай байгааг дээрх тоо баримт бидэнд сануулсаар байна.

 

 

 

Холбоотой мэдээ