УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй галт тэргийг туршилтаар аялуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2021-04-20 11:18:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй, 80 вагон ачаатай галт тэргийг Сэлэнгэ аймгийн Цагаан хаалга өртөөнөөс Дорноговь аймгийн Замын Үүд өртөө хүртэл туршилтаар аялууллаа. Уг галт тэрэг нь 36 цаг аялж Замын Үүд өртөөнд очих юм. 


Өмнө нь ийм хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг “УБТЗ” ХНН аялуулж байгаагүй аж. Ихэнх тохиолдолд 4000-5000 тонн жинтэй галт тэргийг явуулж иржээ.


Улс орны эдийн засагт чухал үүрэгтэй УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Ийнхүү анх удаа, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг туршилтаар аялуулснаар вагон эргэлт сайжирч, төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэх олон талын ач холбогдолтой юм.


Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй, эрчимтэй нэмэгдсээр байгаа. Тэр тусмаа "Ковид-19" цар тахлын үед манай улсын экспорт, импортын ихэнх ачааг зөвхөн төмөр замаар тээвэрлэж байна. 







Холбоотой мэдээ