Өмнөд африкчууд оюутны бослогын 40 жилийн ойг дурсан тэмдэглэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-06-17 10:52:04

ЙОХАННЕСБУРГ. /Anadolu/. Йоханнесбург хотоос холгүй орших Совето дүүрэгт хар арьст оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсний 40 жилийн ойг өмнөд африкчууд дурсан тэмдэглэлээ.

1976 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бослого дэгдсэн газарт өмнөд африкчууд өчигдөр цуглан, ёслол зохион байгуулжээ.

Уг бослогын үеэр хэдэн зуун оюутныг цагдаа нар буудан хөнөөсөн юм.

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд цэг тавьснаас хойш 20 гаруй жил өнгөрөөд байгаа хэдий ч ӨАБНУ-ын цагаан болон хар арьстнуудын хооронд баян ядуугийн ялгаа их хэвээр байна.

Хар арьстнуудын хүүхдүүд өнөө хэр нь сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байгаа юм. Нэг хэсэг нь дүрэмт хувцас худалдаж авч чадахгүй байхад нөгөө хэсэг нь сургуульдаа очихын тулд өдөр бүр 3 цаг алхаж байна.

Уг бослогод оролцож байсан нэгэн эрэгтэй “боловсролын эрх чөлөөний төлөө тэмцэж яваад амь насаа алдсан олон оюутныг хүмүүс дурсан санаасай гэж би хүсч байна” гэж яриад, боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахыг засгийн газартаа уриаллаа.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ