Хүлэмжийн хийг хоёр дахин бууруулахаа Ж.Байден мэдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-21 15:28:02

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд хоёр дахин бууруулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэх төлөвтэй байна.


Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу АНУ хүлэмжийн хийн ялгарлын түвшнийг 2005 онд бүртгэгдсэн хэмжээтэй харьцуулахад 28 хувиар бууруулах ёстой юм. Харин Ж.Байдены дээд хэмжээний уулзалтын үеэр энэ түвшнийг 50 хувиар бууруулна гэдгээ мэдэгдэж магадгүй байна. “The New York Times” сонины мэдээлснээр, АНУ-ын төлөвлөгөө бусад улсад уур амьсгалыг хамгаалах асуудлаар шинээр үүрэг хүлээхэд нь түлхэц болно гэж Цагаан ордон найдаж байна.


Ж.Байден Цагаан ордонд ирснээр АНУ Парисын хэлэлцээрт эргэн орсон билээ. Дэлхийн дулааралтай тэмцэх шинэ алхмуудыг бусад улс орон тэр дундаа БНХАУ, ОХУ авна гэж эрх баригчид найдаж байгааг АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри өмнө нь цохон тэмдэглэжээ.


АНУ-д 4 дүгээр сарын 22-23-нд зохион байгуулагдах уур амьсгалын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 40 орчим удирдагч уригдсан юм. Энэхүү уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцохоо мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ