Нийгмийг бухимдуулсан нийгмийн даатгал
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгал гэдэг бол итгэл хүлээсэн найдвартай
хамгаалалт, тэтгэмж тусламжийн эх үүсвэр гэж ойлгогдох учиртай. Гэвч монголчуудын, тэр дундаа хөдөлмөрийн зах зээл дэх идэвхтэй иргэдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн нэг сэдэв
бол нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, түүнийг нэмэгдүүлэх тухай асуудал. Ялангуяа
цар тахлын үеийн гамшигт нэрвүүлж өмнөх ачаагаа даахгүй сөхрөөд байгаа иргэд,
аж ахуйн нэгжийн нуруун дээр дарсан шийдвэр цагаа олсонгүй.
Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэлнэ.
/ Гэвч ирээдүйдээ бэлдэж байгаа гэж бидний итгэж бүрдүүлж байсан сан одоо хоосон./
Манай улсад анх 1995 оноос хэрэгжүүлж эхэлсэн
Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо харьцангуй “залуу”-д тооцогдох ч ижил
хугацаанд, эсвэл манайхаас сүүлд энэ системийг эхлүүлсэн улс орнуудад энэ
салбар нь аль хэдийнэ туршлагажин тогтворжсон байгаа нь харьцангуй олон. Харин манай Нийгмийн
даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан хөгжиж өөдлөх бүү хэл, сангийн сав нь
хоосорч дампуурсан гэхэд болохуйц хэмжээнд хүрснийг салбарынхан өөрсдөө хүлээн
зөвшөөрөөд байгаа юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган
төгрөг буюу өнөөдрийн ханшаар /2021.04 сар/ ердөө л 150 ам.доллар хүрэхтэй
үгүйтэй манай улсын хувьд цалингаас суутгах татвар шимтгэл зэрэгт маш
болгоомжтой хандах зүй ёсны шаардлага байдаг. Ялангуяа ирээдүйгээ даатгаж
байгаа гэсэн итгэлээр Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийнхээ
итгэл үнэмшлийг алдах, сөрөг байлгах маш хортой гэж шинжээчид үздэг.
Насан туршийн нийгмийн баталгаа буюу ирээдүйд
хүртэхээр сар бүр хуримтлуулдаг тэтгэвэр тэтгэмжийн даатгалын сангийн сав яагаад
хоосон байгаа тухай, мөн нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн сангийн ойрын
ирээдүйд итгэх итгэл үнэмшил хэдийнэ суларсан энэ үед шимтгэлийн хэмжээг
нэмэгдүүлэх нь хэр зохимжтой зэрэг асуудлаар олон нийтийн дунд томоохон
хэлэлцүүлэг өрнөөд удаж байна. Тэр дундаа цар тахлын үед дахин 2 хувиар нэмсэн нь
асуудал үүсгэж байгаа юм. Үүнээс өмнө 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувиар
нэмээд байсан билээ. Хэдийгээр ийнхүү жил дараалан шимтгэл нэмсээр байгаа, мөн улсын
төсвөөс татаас хэлбэрээр жил бүр олон зуун тэрбум төгрөгийг олгосоор байгаа ч тэтгэврийн
сан алдагдлаа дийлэхгүй болсон нь үнэн.
Төрийн албан хаагчдын нийгмийн даатгалын
шимтгэлийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэмэгдүүлсэн бол хувийн хэвшлийн
ажилчдынх ирэх долдугаар сард нэмэгдэж эхлэх юм. Өнгөрсөн оны эцэст л гэхэд 46
мянган аж ахуйн нэгж байгууллага Нийгмийн даатгалын сангийн шимтгэлээ төлж
дийлэхгүй өртэй орсон. Хэдхэн сарын дараа 2 хувийн нэмэгдэлтэй нүүр тулах аж
ахуйн нэгжүүд, олон нийтийн эсэргүүцэл үргэлжилсээр байна. Тэд үүнээс өөр зөв
гарц шийдэл олж, тэтгэврийн даатгалын санд орж байгаа мөнгийг үр өгөөжтэй,
шударга зарцуулж чаддаг зөв засаглалыг шаардаж байгаа юм.
Ажилтан, ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл Тэтгэврийн даатгалын санд 19 хувь буюу 80 орчим хувь нь, үлдсэн багахан хэсэг нь тэтгэмжийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд хуваарилагдан очдог. Гэвч эндээс гол алдагдалтай байдаг нь тэтгэврийн даатгалын сан.
Бага цалингаас өндөр шимтгэл өгөхийг хүсэх
хүн үгүй. Энэ салбар дахь тогтолцоо, зохицуулалтын бурууг дан ганц шимтгэл нэмэх хэлбэрээр аврах аргагүй. Алдагдал
хүлээдэггүй, даатгуулагч иргэд, ажил олгогчдод ачаалал үүрүүлдэггүй зөв системд оруулах маш ойрын үеийн дорвитой
шийдэл зүй ёсоор шаардагдаж байна.
Яг одоохондоо хүн амын насжилт тийм ч өндөр
биш байгаа манай улсын хувьд Нийгмийн даатгалын сан алдагдалтай, ямар ч нөөцгүй
байна гэдэг нь энэ сангийн менежмент буруу байгааг харуулж байгаа юм. Орлого
зарлагаа зөв тооцоолоогүй, цаг үеийн бодлогогүй, алсын хараагүй, улс төржсөн шийдвэрүүд хэрхэн
хохирол, алдагдал учруулдаг жишээ энэ салбарыг тойрсонгүйгээр барахгүй одоо алдаа
нь нэгэнт олон нийтэд ил харагддаг болсон.
Манайд мөрддөг эв санааны нэгдлийн буюу одоо
ажиллаж буй иргэдийнхээ нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг тэтгэвэр авагчдадаа
хуваарилдаг тогтолцоо үр дүнтэй байж чадсангүй. Цалинд суурилсан энэхүү тогтолцоо
явцгүй байгаа, харин хуримтлал суурьтай тогтолцоо хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Одоогоор манайд 1,1
сая хүн ажил хөдөлмөр эрхэлж 420 орчим мянган хүн тэтгэвэр авдаг. Цаашид насжилт
нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн сангийн ачаалал хэрээс хэтрэх нь тодорхой. Гэвч
энэ асуудлыг зөвхөн шимтгэлийг нэмэх аргаар шийдэх нь алдаатай байгаа
тогтолцоог хүчээр цааш үргэлжлүүлэх оролдлого нь муйхар алхам гэдгийг шинжээчид ч,
татвар төлөгчид ч шүүмжилж байгаа юм.
Салбарыг шинэчлэх боломжтой, оновчтой байх хувилбаруудын
нэг бол Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоо гэж олон улсад үздэг байна. Энэ
тогтолцоог олон оронд амжилттай хэрэгжүүлж байгаа, манайд ч мөн түргэн хугацаанд
нэвтрүүлэх шаардлагатай гэж зарим санхүүгийн байгууллагын зүгээс зөвлөдөг. Ийм
хэлбэрийн сангийн эрсдэлийг тооцоолох хялбар биш ч болзошгүй нөхцлийг зөв
тооцоолж, тэтгэврийн сангийн ачааллыг зөв хуваарилж чадвал бас сайн хэрэг.
Ачаагаа үүрч дийлэхээ больсон манай өнөөдрийн
нийгмийн даатгалын тогтолцоо, улсын төсвөөс жил бүр татаас авч алдагдлаа нөхдөг
тэтгэврийн даатгалын сангийн амь тээж аргацаасан байдлыг зарлагаа нөхөж чаддаг шинэ
тогтолцоонд бүхэлд нь хөрвүүлэх олон боломж бийг судлаачид ярьдаг. Хамгийн
эхлээд механик аргаар буюу тэтгэврийн санд байгалийн баялгийн ашгаас /эсвэл
өөр ямар нэгэн хөрөнгийн эх үүсвэрээр/ хөрөнгө төвлөрүүлэн хүч сэлбэх маягаар алдагдлыг
зогсоох, харин дараа нь тохирох менежментийг зоригтой нэвтрүүлэхэд болохгүй
зүйлгүй гэж тэд үзэж байна. Ингэж нэг удаа ч болов тэтгэврийн даатгалын санг
дорвитойхон тэтгээд цаашид зөв, ухаалаг удирдлага, засаглалтай болгохгүй бол
дан ганц шимтгэл нэмэх хүч хэрэглэсэн маягийн аргаа барсан шийдвэр олныг
бухимдуулахаас өөр гарцгүй юм.