Хятадын шинэ реакторуудад зэвсгийн плутони их хэмжээгээр гарган авах боломжтой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-22 11:51:57

ВАШИНГТОН. /Reuters/. Хятад улс шинэ үеийн цөмийн реактор ашиглан цөмийн зэвсэг бүтээхэд ашиглаж болохуйц хэмжээний плутони үйлдвэрлэж чадна гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлалын дарга, адмирал Чарльз Ричард мягмар гарагт Зэвсэгт хүчний хороонд үг хэлэхдээ мэдэгджээ.


“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, Хятад улс нүүрснээс хараат байдлаа бууруулах зорилгоор хурдан нейтроны реакторууд болон цөмийн түлшийг дахин боловсруулах байгууламжуудыг шинэчлэн сайжруулж байна. Үүний зэрэгцээ эдгээр байгууламжид цөмийн зэвсэг бүтээхэд ашиглаж болох плутони үйлдвэрлэж байгаа аж. Эхний ийм реакторыг 2023 онд Хятадад ашиглалтад оруулах төлөвтэй байна.


Адмирал Ричардын үзэж байгаагаар, одоогийн байдлаар ийм реакторуудын тусламжтайгаар их хэмжээний плутони гарган авах боломжтой бөгөөд энэ нь цөмийн потенциалаа нэмэгдүүлэхийг хүсэх үед Хятадын боломжийг нэмэгдүүлнэ.


Хятад улс плутонийн нөөцөө ашиглан зэвсэг бүтээх гэж байгаа гэсэн нотолгоо байхгүй байна, гэхдээ Бээжин ойрын арван жилд цөмийн цэнэгт хошууныхаа тоог дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байгаа тул түгшүүр улам нэмэгдэж байна гэж “Reuters” агентлаг онцлон тэмдэглэжээ.


Вашингтон хот дахь БНХАУ-ын ЭСЯ дээрх мэдэгдэлд тайлбар хийгээгүй байна. 

Холбоотой мэдээ