Вакцинжуулалт Израилд халдварын тохиолдлыг эрс бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-22 15:19:47

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Олон нийтийг вакцинжуулах Израилын стратеги үр дүнтэй болох нь тус улсын эмч нарын хийсэн судалгаагаар батлагджээ. Судалгааны талаар “Nature Medicine” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.


“Вакцинжуулалт эхэлснээс хоёр сарын дараа халдварын тохиолдлын тоо 77 хувиар цөөрсөн бол “COVID-19” өвчний хүнд тохиолдол 69 хувиар буурсан. Ялангуяа халдварт хамгийн эмзэг, вакцин түрүүлж хийлгэсэн ахмад настнуудын дунд өвчлөл ихээхэн буурсан” гэж судлаачид бичжээ. 


Израилын эрх баригчид хүн амаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос вакцинжуулж эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 10-наас хоёр дахь тунг тарьж эхэлжээ. Одоогийн байдлаар 5 сая 35 мянга гаруй хүн эхний тунгаа, 4 сая 97 гаруй хүн хоёр тунг бүрэн хийлгэсэн бөгөөд, өөрөөр хэлбэл тус улсын хүн амын талаас илүү хувь нь вакцинд хамрагдаад байгаа юм.


Вакцинжуулалтын явцад эрх баригчид коронавирусний тархалтыг хумих зорилгоор авсан хязгаарлалтуудаа аажмаар цуцалсан юм. Хоёрдугаар сард израилчуудад гэрээс 1 км-ээс хол зайд явахыг зөвшөөрч, худалдааны төвүүд болон гудамжны дэлгүүрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлжээ. Өнгөрсөн сард зоогийн газар, театр, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээсэн бол энэ сарын 18-наас гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг цуцалсан юм.


Вейцманы нэрэмжит Шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Эран Сегалаар ахлуулсан эмч нар Израилын вакцинжуулалтын стратеги хэр амжилттай байгааг шалгахаар шийджээ. Ингэхдээ тэд Израилын янз бүрийн бүс нутгуудад вакцинжуулалт хэрхэн явагдаж, дараагийн хэдэн долоо хоногт вакцины эхний ба хоёр дахь тунг хийлгэсэн хүн амын дунд өвчлөлийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг судалсан байна.


Эдгээр ажиглалтаас харахад хоёрдугаар сарын сүүлч гуравдугаар сарын эхээр бүх насны израилчуудын дунд өвчлөл огцом буурч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, эрчимт эмчилгээнд тасгийн өвчтнүүдийн тоо эрс цөөрчээ.  Ялангуяа 60-90 насны хүмүүсийн дунд, мөн вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн мужуудад халдварын тохиолдол буурсан байна.


Тиймээс Сегал болон түүний хамтрагчид нийтээр нь вакцинд хамруулах стратеги коронавирусний халдварын тархалтыг эрс сааруулах боломжтой гэж үзэж байна. Тэд тус улсын хамгийн ядуу, хамгийн эмзэг бүс нутгуудад вакцины хүртээмж ижил байсан ч вакцинжуулалт нь оновчтой биш байсныг онцлон тэмдэглэжээ.


Судлаачид цаашдын ажиглалт судалгаа нь вакцинаас татгалзах нь халдварын тархалтын байдалд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх, Израилын хамгийн ядуу бүс нутгуудад вакцины ашиг тусын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хамгийн оновчтой аргыг олоход тус дөхөм болно гэж найдаж байна. 

Холбоотой мэдээ