Дүрслэх урлагийн музей: Манзушир бурхны зээгт наамал

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-04-23 09:19:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хосгүй үнэт бүтээлийн нэг Манзушир бурхны зээгт наамлыг толилуулж байна.

 

Мунхаг харанхуйг дарж оюун ухааныг тэтгэгч бурхан ба монголоор Зөөлөн эгшигт, төвөдөөр Жамбал, Жамьян, санскритаар Манзушир хэмээнэ.

XIX зууны сүүл үед Их хүрээний Зоогойн аймгийн нэрт зураач Хасгомбын хар зургаар Хүрээний урчуудын урласан тус "Зөөлөн эгшигт" хэмээх бүтээл нь маш нарийн урлалтай. Учир нь энэхүү бүтээлийг хялгасан зээгээр бүтээжээ.

Хялгасан зээг гэдэг нь адууны сүүлний хялгас, сарлагийн хөөвөр зэргийг торгон утсаар ороож бэлддэг. Тус зээгийг бэлтгэхэд бусад төрлийн зээгнээс илүү ур чадвар, туршлага шаарддаг тул ховор хийц урлалд тооцогддог.

 

Монгол зургийн гол дүрээ томоор авч, бусад дүрийг тойруулан урладаг сонгодог уламжлалыг хэрэглэн, зохиомжийн төвд шар дүртэй Зөөлөн эгшигтийн том хөрөг, түүний чанх оройд Бурхан багш, зүүн болон баруун талд Ногоон, Цагаан дарь эх, зүүн доод буланд Эгшигт охин тэнгэр /Янжилхам/, баруун доод буланд Мутартаан очирт /Очирваань/ зэрэг бурхад заларна.

Бүтээлийг торго, хоргой, өнгийн утсаар урласан бөгөөд гэгээнээс цацарч буй мянган гэрлийг алтан утсаар урласан байна.

Холбоотой мэдээ