Ажлын байрыг дэмжих хүрээнд 8092 зээлдэгчид 563.5 тэрбум төгрөг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-23 16:37:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажлын байрыг дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ 7 хоногт 8092 зээлдэгчид 563.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 1228 аж ахуйн нэгжид 310 тэрбум төгрөг, 6870 иргэнд 253.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 

Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн хувьд 1619 зээлдэгчид 260 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3064 зээлдэгчид олгожээ. 


Зээл авах хүсэлтээ гаргасан ч авч чадаагүй 1 мянга гаруй иргэн Сангийн яамны Зээлийн цогц төлөвлөгөөнд хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлд санал гомдол ирүүлжээ. Гомдол саналын дийлэнх нь зээлийн нэгдсэн сантай шууд холбоогүй, зээл олгож буй арилжааны банкуудаас харилцаа холбооны төлбөртэй холбоотой шалгуур тавьж байна гэсэн санал эзэлж байгаа аж. Тодруулбал, Зээлийн мэдээллийн санд харилцаа холбооны сүлжээ, оператор компаниудын лизингийн төлбөрийн мэдээлэл орсон байдагтай холбоотойгоор төлбөрөө төлөөгүй иргэн, ААН-д зээл олгохгүй байгаа байдал үүсжээ. Тиймээс зээл олголттой шууд хамаарахгүйгээр тавьж буй дээрх шалгуурыг эргэн харж үзэх талаар арилжааны банкуудад санал тавихаа Олон нийтийн хяналтын зөвлөл илэрхийлж байна. 


Тэгвэл нөгөө талаар зээлдэгч нар санхүүгийн сахилга батаа дээшлүүлж төлбөл зохих төлбөрүүдээ бүрэн төлсөн байх ёстой гэсэн зөвлөмжийг санхүүгийн байгууллагаас өгч байна. Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын I хэлтсээс өгч буй тайлбараар, Зээлийн мэдээллийн сан нь нэг талаар тухайн иргэн болон ААН-ийг санхүүгийн хэр сахилга баттайг илтгэж буй мэдээллийн бааз суурь юм гэдгийг тодотгож байна. Гэхдээ ажлын байрыг дэмжих зээлийг НӨАТ төлөгч байх гэсэн үндсэн шаардлагаар олгож буй учир банкууд нэмж шалгуур шаардлага тавихгүйгээр аль болох шалгуур үзүүлэлтээ багасган иргэд, ААН-д үйлчлэх учиртайг албаныхан сануулж байна. Энэ тал дээр Монголбанк хяналт тавин ажиллаж байна. Одоогоор зээл олголт дээр арилжааны банкууд гэрээгээ зөрчсөн ноцтой зөрчил гаргаагүй байгааг Монголбанкнаас мэдээллээ.   


Холбоотой мэдээ