Английн “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрт 1000 багш суралцаж, ур чадвараа ахиуллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-04-27 21:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн “Global Growth Institute”-ийн World Class Manager хөтөлбөрийн Монгол дахь түнш "Гүрэн" академи нь БШУЯ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эрхлэгч, сургалтын менежер тэргүүтэй 1000 багшийг дэлхийн түвшний ур чадвар олгох цахим хөтөлбөрт үнэ төлбөргүй сургалаа. 

 

Дэлхий даяар 50 орны 500 орчим компанийн олон зуун мянган менежер суралцдаг тус хөтөлбөр энэ цаг үед шаардаж буй ур чадваруудыг эзэмшүүлдэг учир, суралцагсад хамрагдах хугацаандаа ажлын талбарт шууд хэрэглэж үр дүнг нь үзэж, үнэ цэнийг нь мэдэрдгээрээ онцлогтой аж. 

 

Гуравдугаар сарын 22-ноос эхэлсэн тус сургалт гурван сар үргэлжилж, өдгөө багш нар Англиас сертификатаа гардан авчээ. Багш нарын ирц 95 хувиас дээш гарч, эргэх холбоо сайтай суралцсан нь багш нарын манлайлал, тэмүүллийг илтгэж байсныг зохион байгуулагчид нь тодотгож байна.

 

Сургалтаар шилдэг менежер болоход шаардах ур чадваруудын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттой танилцаж туршлага судалсан байна.

 

Сургалтын нээлтэд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Дэлхий нийтэд боловсролын чиг хандлагыг өөрчлөх, XXI зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ үед төлөвшил сайтай, зөв монгол хүнийг бэлтгэх ажлыг гардан зохион байгуулахад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэн чухал үүрэгтэй билээ. Дэлхийн түвшний менежерийг бэлтгэхээс гадна боловсролын салбарт өөрчлөлтийг гардаж хийх та бүгдийн хувийн болон байгууллагын, мөн салбарын манлайлал чухал” гэдгийг онцолж байсан юм.

 

“Гүрэн” академийн захирал, үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн сургалтыг хааж хэлэхдээ, “Судлан туршиж, баталгаажсан үнэ цэнтэй олон улсын хөтөлбөрүүдээр дамжуулан хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийг шинэ мэдлэгээр цэнэглэж, үр дүнг нь гэрчилж ирсний хувьд төрийн байгууллагын мэргэжилтнүүдийг тус хөтөлбөрөөр чадавхжуулбал том өөрчлөлт гарна гэж итгэж ирсэн. Тиймээс ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбар тэр дундаа Монгол Улсын ирээдүйг бүтээх шинэ үеийнхнийг бэлдэж буй багш нараа чадавхжуулж, дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэгээр хөрөнгө оруулах нь тэргүүнд чухал гэж үзэж энэхүү өндөр ач холбогдолтой ажлыг гардан хийж дууслаа” хэмээв.

 

Боловсролын салбарын 100 жилийн ойг угтсан түүхэн цаг үед “Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин Гүрэн академи, БШУЯ болон Германы Денкфарм компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй хамтран зохион байгуулж байна. Мөн энэ хүрээнд Денкфарм компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар багш нарт өөрөө хэрхэн эрүүл хүн байх мөн бусдад эрүүл монгол иргэдийг төлөвшүүлэхэд ямар оролцоотой байж, ямар арга барил шинэ мэдлэгээр хандах ёстой талаарх сургалт зохион байгууллаа.

 

Гүрэн академи нь 2015 оноос эхлэн дэлхийн боловсролын чанартай сургалтын контентыг Монголдоо албан ёсны эрхтэйгээр хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор Стэнфорд Прэ-Коллеж, Английн алдарт Итон коллеж, Английн Глобал Грөүф институт зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.



Холбоотой мэдээ