Австрали олимпын наадамд оролцох тамирчдаа вакцинжуулна

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-28 10:07:06

ЛОНДОН. /BBC/. Олимпын наадамд оролцохоор Токио хотыг зорих тамирчид, албан тушаалтнуудыг вакцинжуулалтад хамруулах явцыг хурдасгана гэдгээ Австралийн Засгийн газар мэдэгджээ.


Тус улсад олимпын болон паралимпын тамирчид, шүүгч дасгалжуулагч зэрэг 2000 гаруй хүн вакцин хийлгэх аж.


Өнгөрсөн онд зохион байгуулагдах ёстой байсан олимпын наадам нэг жилээр хойшлогдож, энэ оны 7 дугаар сарын 23-нд нээлтийн ёслол нь болох бол паралимпын наадам 8 дугаар сарын 24-нд эхлэх билээ.


“Бид тамирчдаа тэмцээнд өрсөлдөхөөр Токио хотыг зорьж, эх орондоо аюулгүй эргэн ирээсэй гэж хүсэж байна” хэмээн Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгдсэн байна. 


Түүнчлэн Спортын сайд Ричард Колбек мэдэгдэхдээ "Манай улсад эмзэг бүлгийнхнийг эн тэргүүнд вакцинжуулах явц үргэлжилсээр байгаа ч олимпын наадам эхлэх мөч ойртохын хэрээр наадамд оролцох тамирчдад ачаалал ирж байгаа гэдгийг Үндэсний танхим ойлгож хүлээж авч байгаа" гэжээ.


Токиогийн олимпын наадам эхлэхэд ердөө гурван сарын хугацаа үлдээд буй энэ үед “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан Японы Засгийн газар Токиогоос гадна өөр 3 бүсэд онцгой байдал зарласан юм.  


Тавдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх онц байдлын дэглэм хатуу бөгөөд богино хугацаанд хэрэгжинэ гэдгийг Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


Энэ арга хэмжээний хүрээнд шөнийн цэнгээний газруудыг хааж, спортын томоохон уралдаан тэмцээнүүдийг үзэгчгүйгээр явуулах шаардлагыг тавьжээ.


Тийнхүү Япон улс цар тахал дэгдэж эхэлснээс хойш гурав дахь удаагаа онцгой байдал зарласан юм. Тус улсад халдварын улмаас нас барсан 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.


Харин Австралийг халдварт өвчний дэгдэлтийг тогтоон барих арга барилыг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын нэг гэж дэлхийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд харж байгаа юм. Гэсэн ч бусад хөгжингүй оронтой харьцуулахад тус улсад вакцинжуулалтын аян удаашралттай байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа аж. 



Холбоотой мэдээ