БНХАУ сансрын станцынхаа үндсэн модулийг хөөргөлөө

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-04-29 12:59:54

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ үндэсний сансрын станцынхаа үндсэн модулийг "Чанжэн-5B" зөөгч пуужингаар тойрог замд гаргалаа. Хөөргөх ажиллагааг Хятадын төв телевиз шууд дамжуулжээ.


"Тяньхэ" хэмээн нэрлэсэн модулийг өмнөд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас хөөргөсөн байна. 


Хятадын сансрын станцын үндсэн модуль нь 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй бөгөөд одоогоор тус улсад бүтээсэн хамгийн том сансрын аппарат юм. Энд команд, удирдлагын төв, багийн гишүүдийн байх гол хэсэг (50 орчим шоо метр) байрлах бөгөөд шинжлэх ухаан, технологийн зарим туршилтыг хийхээр төлөвлөжээ.


"Тяньгун"  буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэрлэсэн тойргийн замын станцаа тус улс бага тойрог замд 340-450 км-ийн өндөрт барихаар төлөвлөж байгаа юм. "Тяньгун" станц нь T хэлбэртэй байх бөгөөд дунд хэсэгт нь "Тяньхэ" үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсарна. Лабораторийн модуль тус бүрийн жин 20 гаруй тонн, станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх аж. Сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой байна. 


Станцыг тойрог замд угсрах ажлыг 2022 онд дуусгахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ