Баян-Өлгийн таван суманд нисэх онгоц үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-19 16:13:15

Иргэний нисэхийн ерөнхий газраас хэрэгжүүлэх "Сумдын тогтмол нислэгийг сэргээх" төслийн эхний шатанд Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Дэлүүн, Баяннуур, Ногооннуур зэрэг 5 сум багтжээ.

Төсөл эхлээгүй ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэгийн шатанд байгаа юм .

Төслийн зорилго нь алслагдсан, газрын тээврийн сүлжээ хөгжөөгүй, зах зээлийн багтаамж багатайгаас агаарын тээврийн тогтмол үйлчилгээ хийдэггүй, орон нутгийн алслагдсан бүс нутгуудыг холбох, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн төвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэхэд оршино.

Сумдад нислэг үйлдэх төслийг 2015-2016 онд 6 аймаг 60 сумыг, 2017-2018 онд 7 аймаг 75 сумыг, 2018- 2020 онд 3 аймаг 31 сумыг хамарч байхаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг ИНЕГ-аас онцолж байна.

1990 оноос өмнө аймаг тус бүрд сумдын хооронд “Царцаа ногоон” хэмээх АН-2 маркийн онгоцоор нислэг үйлддэг байсан юм. Харин ирэх жилүүдэд 160 гаруй сум хооронд нислэг үйлдэх юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ