Биеийн тамирын арга зүйчдийг улсын хэмжээнд үе шаттай нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-30 10:04:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо/БТСУХ/-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс салбарын аймаг, дүүргийн удирдлагууд болон мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдлаа.


Тус хуралд нийт 98 ажилтан, албан хаагч оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Биеийн тамирын арга зүйч /БТАЗ/ бэлтгэх, зэрэг олгох, БТС-ын газар, хороодод цахим дасгал удирдан явуулах багш бэлтгэх тухай мэдээлэл өгч, харилцан санал солилцжээ.


Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж,  2022 оноос улсын хэмжээнд биеийн тамирын арга зүйчдийг үе шаттай нэмэгдүүлж, нийт 330 суманд ажиллуулах, арга зүйчдэд I, II, III зэрэг олгох, тэднийг хэрхэн бэлтгэх тухай мэдээлэл өглөө. Харин БТАЗ-ийн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлах, ҮБТДС-ийн Эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ сургалтын хөтөлбөрийн төсөлтэй холбоотой мэдээллийг танилцуулж, хуралд оролцогчдоос  санал авсан юм.


Мөн БТСУХ-ноос иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор “Үнэгүй фитнес” ТББ-тай хамтран цахим дасгалыг зохион байгуулж байгаа аж.


Цаашид улсын хэмжээнд нийтийн дасгал хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхээр 21 аймаг, 9 дүүргийн БТС-ын хороодод багш бэлтгэхээр төлөвлөөд байна.    

Холбоотой мэдээ