БНАСАУ ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй гэв

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-04 11:37:47

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ 2022 онд Катарт болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ БНСУ-д зохион байгуулагдах урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэнийг Солонгосын хөл бөмбөгийн холбоо даваа гарагт уламжилжээ.


Тодруулбал, БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ-д ирэх зургаадугаар сард болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй байхыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн албан бичгийг Азийн хөл бөмбөгийн холбоонд өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн байна.


БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ руу зорчихгүй байх шийдвэрийг гаргах болсон шалтгаандаа коронавирусний халдвараас эмээж буйгаа дурджээ.


Азийн хөл бөмбөгийн холбоо “H” хэсгийн үлдсэн тоглолтуудыг БНСУ-д зохион байгуулахаар болсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг гарснаас хойш БНАСАУ хэсгийнхээ хоёр дахь тоглолтод оролцох нь олны анхаарлыг ихэд татаж байжээ.


Хоёр Солонгос 2019 оны 10 дугаар сарын 15-нд “H” хэсгийн эхний тоглолтоо Пёньян хот дахь Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд танхимын үзэгчгүйгээр явуулж, тоглолт 0-0 онооны харьцаатайгаар өндөрлөсөн юм.


БНСУ-ын шигшээ баг зургаадугаар сарын 3-нд Туркменистан, 7-нд БНАСАУ, 11-нд Шри-Ланка, 15-нд Ливаны багийн эсрэг тоглоно.


“Азийн хөл бөмбөгийн холбоо БНАСАУ-аас шийдвэрээ эргэн харахыг хүсэх төлөвтэй байна” гэж Солонгосын хөл бөмбөгийн холбооны төлөөлөгч мэдээлжээ. 

Холбоотой мэдээ