"Оролцоод хөгжьe” цахим чуулганд 98 хүүхэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-04 16:00:40

Ховд /МОНЦАМЭ/. “Хүүхдэд ээлтэй Ховд” аяны хүрээнд энэ сарын 3-ны өдөр Оролцоод хөгжьe” сэдэвт хүүхдийн оролцооны байгууллагуудын цахим чуулган зохион байгууллаа. 

Тус чуулганд Ховд аймгийн 15 сумын 22 сургуулийн 58 сурагч оролцсон. Мөн тус аймгийн “Хүүхдийн нэгдсэн зөвлөл, илтгэх урлаг, мэтгэлцэгч сурагчдын +300 клуб, Өсвөрийн улаан загалмай клуб”-ийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл гээд нийт 98 хүүхэд оролцож, үзэл бодлоо илэрхийлжээ. 

Энэ үеэр цахим чуулганд оролцогчид хэд хэдэн санал гаргасан байна. Тодруулбал, хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд тэгш боломж олгох, тэднийг ялгаварлахгүй байх, гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болох, шинэ номын сан байгуулах, сургуулийн орчинд хувцас солих өрөө бий болгохоос гадна үнэ төлбөргүй интернэт ашиглах боломж бүрдүүлэх тухай саналыг зарим оролцогчид хэллээ.   

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд мөнгөн торгууль оногдуулахгүй байх, учир нь торгуулийн мөнгө нь гэр бүлээс гарч байгаа тул дахин гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхгүй. Улмаар хүчирхийлэл хаалганы цаана нууц үлдээд байна гэсэн асуудлыг зарим оролцогч ярьж байв. 

Энэхүү цахим чуулганы үеэр Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ.

Тус чуулганы үйл ажиллагааг энэ оны тавдугаар сарын 08-нд болох Хүүхдийн үндэсний цахим чуулган”-ыг угтаж зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд үүнд Ховд аймгаас оролцох төлөөлөгчдийг сонгосон байна.  

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага хамтран “Хүүхдэд ээлтэй Ховд” аян өрнүүлж, олон талт ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.  

Холбоотой мэдээ