АХБ: Сургууль хаагдсанаас сурагчид ирээдүйн орлогынхоо 2.4 хувийг алдах хандлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-04 18:29:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас сургуулиуд хаагдсанаар Ази, Номхон далайн орнуудын сурагчид урт хугацааны сөрөг нөлөөнд өртөж болзошгүй байна. Улс орнуудын ЕБС-иуд "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулиудыг дахин нээж, сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх үйл ажиллагааг нэн тэргүүнд авахгүй бол цар тахлаас үүдэх урт хугацааны хохирлыг Ази тивийн сурагчид төлөх болно гэж АХБ-ын албан мэдээнд дурджээ.


2020 оны эхээр "COVID-19" халдварын цар тахал дэгдэж, дэлхий нийтэд аюул занал учруулснаас болж зайлшгүй шаардлагатай болоод байсан хөл хорионы эдийн засгийн үр нөлөө хамгийн их анхаарал татаж байв. Сургуулиудыг хааснаар ямар нөлөө үзүүлэх нь дараагийн асуудал байсаар ирсэн. Энэ бол зөвхөн бага насны хүүхэдтэй, гэрээс ажиллаж байгаа эцэг эхчүүдийн зүйл биш юм. Боловсрол нь хойч үеийнхний нийгмийн хөгжил, эдийн засгийн чадавхад чухал үүрэг гүйцэтгэдгийг эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, бодлого боловсруулагчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл одоо бүтэн жилийн дараа ч цар тахал үргэлжилсэн хэвээр байна. 


2020 онд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд анх удаагаа агшсан ч АХБ бүсийн эдийн засгийг энэ онд эргэн сэргэж, 7.3 хувиар өснө гэж төсөөлөөд байна. Харин боловсролын тасалдлаас үүдэлтэй урт хугацааны алдагдлыг нөхөх нь илүү хүнд байх аж.


Бүс нутгийн улс орнуудын бараг тэн хагас нь сүүлийн 200 гаруй хоног сургуулиудаа хаасан. Цөөн хэдэн улс л сургуулиа нээлттэй байлгаж чадсан. Цар тахлын үед бүс нутгийн сургуулиуд зайнаас хичээллэж байгаа ч компьютер, интернэт зэрэг суралцахад шаардлагатай хэрэгслийн хүртээмж маш олон хүүхдэд хязгаарлагдмал эсвэл огт байхгүй байна. Энэ нь сурагчдын гэрээсээ суралцах чадварыг хязгаарлаж, боловсролын томоохон алдагдалд оруулж байна. 


Сургуулиудыг хаах шийдвэр, зайн сургалтын үр дүнтэй байдал, боловсролоор бий болох орлогын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ашиглан бид Азийн хөгжиж буй орнуудад учрах хохирлын хэмжээг тооцоолов. Дунджаар, нэг жилийн турш хуримтлуулах мэдлэг, суралцах хичээлийнхээ бараг гуравны нэгийг Азийн сурагчид алджээ. Энэхүү боловсролын алдагдал нь тэдгээр сурагчдын ирээдүйн бүтээмж, насан туршийн ашиг орлогын хэмжээг ихээхэн бууруулах болно.


Цар тахлын улмаас сургууль хаагдсанаас болж сурагчид жилд дунджаар 180 ам.доллар буюу ирээдүйн орлогынхоо 2.4 хувийг алдах хандлагатай байгааг  тооцоолол харуулж байна.


Танхимын хичээлийг хориглох шийдвэрийн үргэлжлэх хугацаа ялгаатай байгаагаас хамаарч Өмнөд Азид хамгийн их хохирол учрахаар байгаа бол, Номхон далайн бүсэд хамгийн бага байхаар байна. Сурагчдын ирээдүйд алдах орлогын хэмжээг бүс нутгийн түвшинд өнөөгийн үнэ цэнээр тооцоход дунджаар 1.25 их наяд ам.доллар байна. Энэ нь 2020 оны нийт ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэж байна. Сургуулиуд удаан хаалттай байх тусам хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэх болно гэжээ.


Холбоотой мэдээ