Н.Энхгэрэл: Албан байгууллагын 62 хувь кирилл - монгол бичгээр бичсэн хаягтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-06 13:13:23

Архангай /МОНЦАМЭ/. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Архангай аймаг дахь орон тооны бус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Энхгэрэлтэй ярилцлаа.


-Архангай аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

-Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Архангай аймаг дахь орон тооны бус салбар зөвлөлийг 2016 онд аймгийн Засаг даргын а/268 дугаар захирамжаар найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Салбар зөвлөл нь үндэсний бичиг, соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл хандлагыг төлөвшүүлэх ажлуудыг зохион байгуулж, иргэд, олон нийтийг оролцуулснаар 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах боломж бүрдэх юм. Хэлний бодлогын салбар зөвлөл нь монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах,  монгол хэл бичиг, соёлоо эрхэмлэн дээдлэх, өвлүүлэн хөгжүүлэх үзэл хандлагыг төлөвшүүлэх үүрэгтэй. 


-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна вэ?

-“Үндэсний бичиг үсгийн баяр”, эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр аймгийн ЗДТГ, БСУГ, ХГБХЗХГ, Архангай аймгийн Багшийн сургуультай хамтран Нийтийн номын сан дээр зохион байгуулдаг. Ингэхдээ насанд хүрэгчид, ЕБС-ийн ахлах, дунд бүлгийн сурагчдын дунд “Зөв сайхан бичигтэн”, “Тод, зөв, түргэн уншлага-ын уралдаан, иргэд, олон нийтэд монгол үндэсний бичгийн өв соёл, уламжлал, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор уран бичлэгийн үзэсгэлэн, нийтийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй эртний үнэт ховор ном, судар, монгол бичгээр хэвлэгдсэн бусад салбарын номын үзэсгэлэнг гаргаж, уншигч-олон нийтийн хүртээл болгодог. Энэ жилийн хувьд цар тахал гарсантай холбоотойгоор уламжлалт ажлаа зохион байгуулж чадахгүй байгаа ч багш, сурагчдыг цахим орчинд үндэсний бичгээр бичих уриалга гарган, цахим уралдааныг зохион байгуулан  ажиллаж байна.

 

-Архангай аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварын судалгаа, сорилыг 2021 оны 4 дүгээр сард амжилттай явуулж, аймгийнхаа бүх төрийн албан хаагчдыг хамруулаад байна. Үндэсний бичгийн хичээл заах боломжтой 105 багшийн судалгааг гаргаж, 2025 он гэхэд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангаж байна.

 

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, сурагчид, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэрэглэх, ашиглах талаар сургалт зохион байгуулж, хэрэглэж хэвшүүлэхэд анхааран ажиллаж байна. Төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад “Монгол хэлний хууль”–ийг сурталчлах, байгууллагын ажилтнуудад танилцуулж, хэрэгжүүлж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгсөн. “Монгол хэлний зөв бичих зүй”, ”Журамласан үгийн толь” сэдвээр аймгийн ЗДТГ, сумдын эрх зүйчид, шийдвэр гүйцэтгэлийн газар, цэцэрлэг, шүүхийн гээд нийт 196 ажилтанд сургалт хийсэн байна.

Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар хэд хэдэн янзаар бичдэг байсан, мөн эргэлзээтэй бичдэг үгийг нэг мөр болгосон, иргэд, сурагчдын толь бичиг хэрэглэх чадвар нэмэгдсэн зэрэг ач холбогдолтой. Журамласан үгийн толийг ашиглаж сурснаар сурагчдын дунд зөв бичих чадвар эрс сайжирч, үгийн сан нэмэгдэж байгаа.

 

ймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна вэ? Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу? Салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна

-Биет бус соёлын өвийг хадгалан хамгаалж үлдэх, орон нутгийн холбогдолтой түүх, домог, хууч яриаг уламжлуулах талаар анхаардаг. Цаашид ч хийх ажилдаа тусгаад явна.

 

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

-Эх хэлний өдрөөр уран зохиолын төрөл зүйлээс сурагчдаар яриулах, хэлүүлж дүрсжүүлэх ажлыг цахимаар зохион байгуулсан. Монгол ардын аман зохиолын төрөл зүйлээр аялуулж, тэдний сурах эрмэлзлийг хөгжүүлсэн. Жишээ нь, IV дүгээр ангийн сурагчдаас оньсого хэрхэн таалцах ёсыг, дүрийн тоглолтоос дүр хэрхэн амилуулахыг, VIII ангийн сурагчдаас “Бөхийн цол”-ыг хэрхэн аялгуулан дуудахыг, VII ангийн сурагчдаас “Дайралцаа үг”-ээр хэрхэн дайралцах зэргийг суралцуулж, бусдад түгээн дэлгэрүүлсэн юм.

Монгол хэлний багш нар аймгийн түүх, домог  монгол бичгээр бичих аяныг өрнүүлж байгаа. 50 гаруй домог зурагтай нь цахимд байршуулсан байна. 15 сумаас тэмдэглэгдэн ирсэн 109 оньсогыг түүвэрлэн эмхтгээд байна.

Мөн ахмад  уран бүтээлч, СГЗ С.Жүнш Архангай аймгийн холбогдолтой “108 домог”-ийг ном болгон  хэвлүүлсэн байна.

 

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Нэмэгдсэн. Аймгийн төвийн 15 цэцэрлэг 2020-2021 оны хичээлийн жилд хаягаа шинээр кирилл- монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийлээ. Монгол бичгээр хаяг бичсэн газруудын судалгааг хийсэн. Судалгаагаар албан байгууллагын 62 хувь кирилл - монгол бичгээр бичсэн хаягтай, аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 38 хувь орчим нь нэр хаяг, орц шошго, бэлгэ тэмдэг зэргээ үндэсний бичгээр бичсэн байна.

 

-Аймгийн хэмжээнд хаягжилтыг шинэчлэх, ялангуяа байгууллагуудыг хаягаа монгол бичгээр бичих ажил одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө овоо ажил болсон. Одоо хуучирч муудсан хаяг самбарууд харагдана. Монгол бичгээр хаягжуулах ажлыг дахин эхлүүлэх боломж бий болов уу?

 -Болно. Сумын Засаг дарга нар сумандаа Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөлийн ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, төр, хувийн хэвшлийн хаягжилтыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна.

 

-Танай зөвлөлөөс яаж хамтарч ажиллах боломжтой вэ?

-Боломжтой. Зөвлөгөө өгч хаяг, нэрийн хуудсыг хүссэн тигээр бичиж өгч болно.

 

-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Ерөнхий боловсролын суралцагчдын эх хэлний боловсролын ахиц амжилтын судалгааг авч, анализ хийн, зөвлөгөө өгч байна. Хүн бүрийн эх хэлний боловсролд хандах хандлагад эерэг өөрчлөлт гарч, зөв бичих дүрмийн сургалт,  гар утсандаа зөв бичгийн дүрмийн журамласан толийн программ суулган хэрэглээ болгож ашигладаг болжээ.


-Ярилцсанд баярлалаа.

   

 

Холбоотой мэдээ