Зовох цагт нөхрийн чанар танигдана

Монголын мэдээ | Нийгэм
delgermaa@yahoo.com
2021-05-06 10:18:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барууныхан дэлхийн II дайнтай холбоотой нэгэн баримтыг гуйвуулдаг буюу фашизмыг ялахад барууны орнуудын оруулсан хувь нэмрийг хэтэрхий дөвийлгөн бичдэг. Ингэхдээ Зөвлөлт холбоот улсад бодит тусламж үзүүлсэн улс орны талаар үг дуугардаггүй. Монгол бол дайн эхэлсэн цагаас л ЗСБНХУ-ыг дэмжиж үнэнч холбоотон нь байсан. Барууны нэртэй судлаачид үүнийг мэддэг боловч  дурсдаггүй.  Харин орос, монголчууд л  хоёр улсын харилцаа ямар болохыг харуулан, ирээдүйн харилцааг тодорхойлсон энэ баярт үйл явдлыг мартдаггүй. Манай  хоёр улсын түүхийг эргэн харахад ард түмнүүдэд нь бахархах зүйл багагүй.


Хоёр улс нь газар зүйн хувьд ойрхон төдийгүй түүхэн замналд ижил төстэй зүйлүүд байдгаас гадна  олон жилийн найрсаг харилцаагаар холбогддог. Өөрийн гэсэн бахархалтай хоёр ард түмэн  хүнд хэцүү үед бие биедээ тусалж ирсэн,  үүгээрээ ч бахархдаг.


1930 онд Японы эдийн засаг экспорт, импорт хоёр дээр тогтож байсан бөгөөд ашигт малтмал олборлох, үйлдвэрлэл хөгжөөгүй байсан. Тиймээс ч Хятад, Монгол хоёрыг эзлэх зорилго дэвшүүлэхдээ, эдгээр орны хямд ажиллах хүчинг хэрхэн ашиглах, түүхий эд,  зах зээлийг нь бүрэн хяналтдаа авах төлөвлөгөөг боловсруулжээ.  Японы тал Монгол, Манж хоёрын хил Халх голоор зааглагдана  гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаардсанаар зөрчил эхэлсэн. Үнэндээ хилийн зурвас нь Халх голоос зүүн тийш 20-25 км-ийн зайтай байсан. Хэлэлцээ мухардалд орсноор  Монгол, Японы харилцаа хурцадсан түүхтэй. Үүнээс хойш удалгүй байдал улам эвгүйтэж Японы тал Монголын хилчид рүү байнга халдаж илтээр түрэмгийлэх болов. Япон нь Монголыг санаатайгаар Манжуурын хил рүү халдаж байна хэмээн  буруутгаж нэг үгээр хэлэхэд олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн гэв. Германы холбоотон байсан Япон нь 1939 онд БНМАУ-д халдсан бөгөөд үүний өмнөхөн  Квантуны арми Монголын хилийн ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлж Номхон далайд нэлээд өргөн хүрээг хамарсан цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн юм. Хятадыг бараг эзэлчихээд байсан Япон нь Монголын хүчийг сорихоор хэзээ ч халдаж болзошгүй нь тодорхой болсон. Энэ зөрчлийг нэг тийш нь шийдэж  Квантуны армиас газар нутгаа хамгаалахад нь Монголд  Зөвлөлт Холбоот Улс  дэмжлэг үзүүлэхээр Улаан Армийн цэргээ илгээсэн билээ. 


Зөвлөлтийн эсрэг ажиллагаа явуулж байсан барууны орнууд Японыг бүх л талаар дэмжсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. 1939 онд Зөвлөлт улс Англитай гэрээ байгуулсан бөгөөд түүнд зааснаар Япон Хятадыг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулж байгааг Их Британи хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр ЗХУ-ын холбоотон болох БНМАУ-ын эсрэг өдөөн хатгалга явуулж байгааг дипломат шугамаар эсэргүүцсэн. Яг тэр үед АНУ-ын засгийн газар Японтой худалдааны хэлэлцээрээ 6 сараар сунгаж, төд удалгүй бүрмөсөн сэргээсэн. Уг хэлэлцээрийн дагуу Япон санхүүгийн дэмжлэг авч, түүгээрээ армидаа зориулан ачааны машин, 3 сая ам.доллароор онгоцны үйлдвэрийн тоног төхөөрөмж, стратегийн зориулалт бүхий ган болох төмөр лом, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн зэргийг авсан. Хамгийн гол нь эдгээрийг нийлүүлэх гэрээ нь дайны туршид үргэлжилсэн юм. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт, Герман хоёр дайтах хугацаанд  гэсэн үг. АНУ нь Японы эсрэг дайныг эхлүүлэх  хүртэл арлын улсад  стратегийн зориулалт бүхий түүхий эдээр хангасаар байв.


Монголын ард түмэн  улс орных нь тусгаар тогтнолыг Монгол, Зөвлөлтийн цэргүүд мөр зэрэгцэн хэрхэн хамгаалсныг мартаагүй. Тиймээс 1941 оны 6 сарын 22-нд буюу дайны эхний өдөр МАХН-ын Улс төрийн товчоо, Сайд нарын Зөвлөл болон БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс  фашистын Герман Зөвлөлт улс руу дайрсныг буруутгасан тусгай тогтоол гаргасан байдаг. Түүндээ Зөвлөлтийн ард түмний фашистын эзлэн түрэмгийлэгчтэй хийх тэмцэлд туслахын тулд Монголын ард түмэн чадах бүхнээ хийнэ гэжээ.


БНМАУ-ын хөдөлмөрчид Зөвлөлтийн ард түмэн шиг “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор ажилласан.  МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр Улаан армид тусламж үзүүлэх төв комисс байгуулж мөн бүс нутгуудад зөвлөлтийн дайчдад зориулсан бэлэг цуглуулах комисстай болсон. Энд тэндгүй бэлэг цуглуулах хөдөлгөөн өрнөж 1941 оны 7 дпугаар сараас 1942 оны 7 сар хүртэлх хугацаанд Монголын ард түмэн 7.7 сая төгрөгийг тусгай санд цуглуулсан байдаг.


Хамгийн гол нь  хүнд хэцүү үед жижигхэн Монгол улс дэлхийн хамгийн чинээлэг гэгддэг АНУ-аас хавьгүй их хэмжээний тусламж үзүүлснийг барууныхан дурдахаа мартчихдаг. Наушки өртөөнөөс төмөр замаар тусламж болох хүнсний бараа болон хувцас зэргийг ачсан галт тэрэгний цуваа зам гарч байв. Түүнд хэдэн тонн мах, хиам, цөцгийн тос, өтгөрүүлсэн сүү, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн ачсан байлаа. 1941-1945 онуудад хэдэн арван галт тэрэгнээс бүрдсэн тусламжийн бараа ачсан  6 цуваа явсан байдаг.  Тэдгээрийг Монголын нам засгийн төлөөлөгчид, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилчид, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд дагалдан явсан. Ялалтын 75 жилийн ойн баяраар Оросын төр засгаас Монголд томоохон арга хэмжээ зохион байгуулж ойн дурсгалын медалиар 19 настайдаа Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж  Улаан Армийн дайчдад бэлэг хүлээлгэн өгсөн өдгөө 98 настай С.Цэгмидийг шагнасан юм. Улаан Аримд зориулсан бэлгийг цуглуулах төв комиссоос  МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд гаргаж өгсөн тайланд 1941 оны 6 сараас 1943 оны сүүл хүртэлх хугацаанд 4 удаа бэлэг, тусламжийн бараа явуулсан хэмээн дурджээ.


Монголын ард түмний хандивласан хөрөнгөөр бүхэл бүтэн цуваа танк байгуулсан түүхтэй. Бэлэг барьсан ард түмнийг хүндэтгэн цувааны танк бүрийг “Их Хурал”,”БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, ”Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “Монголын малчин”, “Монголын сэхээтнүүдээс” хэмээн нэрлэсэн. Энэ цуваанд нийт 32 танк байсан. Бас нэгэн чухал баримт дурдъя. Эдгээр цувааныхны хувцас, хоолны зардлыг Монгол хариуцаж ЗСБНХУ-ын Внешторгбанк-д 2.5 сая рубль буюу 300 кг алт тушаасан. Энэ хөрөнгөөр “Монголын малчин” нэртэй байлдааны онгоцны эскадрил байгуулсан юм.


Монголын малчид Зөвлөлтийн нэрт жанжин Г.К.Жуков, И.С.Конев, И.А.Плиев нарт морь бэлэглэсэн. И.А.Плиевийн удирдсан морьт корпусын хэдэн мянган цэрэг монгол мориор Сталинградаас Берлин хүрсэн. Монгол морийг цэргүүд уналга төдийгүй хүнд артиллерийн буу зэвсэг, сум зэргийг  зөөхөд ашиглаж байжээ. Зөвлөлтийн цэрэг, офицеруудын  дурсан ярьснаар монгол морь  биеэр жижигхэн хэдий ч  их чадалтай  гэдэг. Тал нутгийн ард түмний өгсөн мориор Улаан Армийг хангасан гэж хэлж болно. Москвагийн Поклонный ууланд монгол моринд зориулсан “Дайны замаар” нэртэй хөшөө босгосон юм.


Дэлхийн II дайны сүүлчийн ажиллагаа

“Шинелээ ав, гэртээ харья” хэмээн дайны үеийн нэгэн дуунд дуулдаг. Гэвч фашистын Германыг ялсан Улаан Армийн цэргүүд бас нэгэн дайнд оролцсон. Ялалт байгуулснаас 3 сарын дараа Ялтын гэрээнд зааснаар ЗСБНХУ нь Японы эсрэг дайн зарлаж Квантуны армийг бут цохисон. Энэ үйл явдлыг барууны судлаачид дорвитой судалж амжаагүй болоод ч тэр үү, уг дайны талаарх мэдээллийг  гуйвуулах нь бага. Тэгээд ч АНУ нь Номхон далайд явуулсан цэрэг дайны ажиллагааны үеэр амссан хохиролын хэмжээгээ мартаагүй. Уг нь бол Хирошима, Нагасаки дээр атомын бөмбөг хаях шаардлага байгаагүй, гэвч америкчууд уг үйл явдал нь дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн мэтээр бичдэг. Японы хэдэн сая усан цэргийг устгах гэж холбоотнууд тэгтлээ хичээх шаардлагагүй байсан. Учир нь гол тулалдаан хуурай газарт болсон бөгөөд Улаан Арми тэдний эсрэг ажиллагаа явуулж энэ нь дайны үйл явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.

Квантуны армийг бүрмөсөн бут цохиж буулган авах хүртэл Монголын цэргүүд Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдсан. 1945 оны 8 сард Монголын арван хүн тутмын нэг нь Зөвлөлт-Японы дайнд оролцсон. Эх орны дайнд амиа алдсан цэргүүдийг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийгөө золиосолсон хэмээн үздэг. Японы милитаристуудыг тогтоож барихад Монгол чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Зөвлөлтөд тусалснаар өөрийн орны зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, батлан хамгаалах салбараа чадваржуулахад нөлөөлсөн. Эх орны дайнаас өмнө Монгол нь улсынхаа төсвийн 50 гаруй  хувийг зэвсэгт хүчиндээ зарцуулдаг байсан. Цэргийнхээ тоог нэмсэн нь Квантуны армийг сөрөхөд нэг давуу тал болсон билээ. Японы цэргүүд БНМАУ-ын хилийг байнга зөрчиж байсан бөгөөд тоглоомын гэгддэг Манжго улсын цэргүүд сардаа багадаа нэг удаа  Монголын хилийг зөрчиж байсан гэдэг. БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтээр Зөвлөлт улс нь 17-р армиа өөрийн зардлаар Монголын нутагт байлгахаар болов. Түүнээс гадна Зөвлөлт улс нь БНМАУ-ыг зэвсэгт хүчинд цэргийн техникээр туслаж мөн мэргэжилтнүүдээ илгээж байлаа.


Монголын армийг бэхжүүлэхэд 1944 оны 9 сарын 20-нд Бага хурлаас гаргасан цэргийн алба заавал хаах тухай хууль баталсан явдал нөлөөлсөн юм.


1945 оны 2 дугаар сард болсон Ялтын уулзалт дээр ЗСБНХУ-ын зүгээс БНМАУ-ыг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Японы эсрэг дайтна гэсэн болзол тавьсан. Монгол Улсад өөрийн тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх ганц боломж нь дэлхийн II дайн болон хүйтэн дайны хоорондох энэ үе байсан гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Энэ бол Монголын хувь заяа шийдэгдсэн алтан үе байлаа. Тэр үед уг асуудлыг шийдээгүй бол өнөөдөр байдал ямар  байх нь тодорхойгүй.


Европыг чөлөөлөх тулд Оросын хэдэн сая цэрэг амиа золиосолсон

Зөвлөлтийн арми нацистад эзлэгдсэн Европын хувьд чөлөөлөгч нь болсон.1944-1945 онд орос цэргүүд Европын Румын, Болгар, Унгар, Югослав, Польш, Чехословак, Австри, Дани, Норвеги зэрэг 9 орныг фашистуудаас чөлөөлсөн билээ.

Эдгээр орныг чөлөөлөхөд ойролцоогоор нэг сая орос цэрэг, офицерууд амиа алдсан бөгөөд тэрдундаа Польшид Зөвлөлтийн хамгийн олон буюу 600 мянга гаруй хүнээ алдсан юм. 1 дүгээр сарын 27-нд  Польшид Гитлерийн Германы эсрэг дайтахдаа таван жилийн дотор хүнийг үй олноор нь устгадаг газар болгосон байсан Аушвиц-Биркенау ( польшоор Освенц) концлагерийг чөлөөлсөн. Ойролцоогоор 140 мянган орос цэрэг Унгарыг чөлөөлөх дайнд амиа алдсан бол мөн ийм тооны зөвлөлтийн цэрэг  Чехословакийг чөлөөлөхөд амь үрэгдсэн.


Үүнээс нэг асуулт гарч ирж байна .Хэрвээ Зөвлөлтийн цэргүүд тэднийг чөлөөлөөгүй бол 1939-1941 онд эзлэгдсэн Польш, Югослав, Чехословак зэрэг Гитлерийн бүрэн нөлөөнд орсон байсан орнуудын тусгаар тогтнол яах байсан бол? Зөвлөлтийн нэг сая цэрэг амиа өгөөгүй бол  европчуудын хөндөх дуртай Европын үнэт зүйлсийн тухай яригдах байсан болов уу?

Ийм их хохирол амссан цэргүүд гэртээ эргээд ирэхэд нь орон гэрийг нь галдчихсан, байсан бүхнийг нь дээрэмдэн тоночихсон байсан бөгөөд юу ч үгүй  сүйрчихсэн  хот л угтсан. Тэд  нацистуудыг ялахын төлөө  бүхнээ золиосолсон.


Мөн чөлөөлсөн орнуудын эдийн засаг, дэд бүтцийг сэргээж өлсгөлөнд нэрвэгдэхээс аврахад ЗСБНХУ маш их хэмжээний тусламж үзүүлсэн гэдгийг мартаж болохгүй. Брестээс Москва бүр Волга мөрөн хүртэл үнсэн товрог болсон байсан үед шүү дээ. Жишээ нь, 1945 онд Австрийн засгийн газар Зөвлөлтөд хандан хүнсний тусламж үзүүлэхийг хүссэн. Тэд шинэ ургацаа хурааж авах хүртэл долоон долоо хоног ард иргэдээ хүнсээр хангаж чадахгүй болсон байжээ.Зөвлөлийн эрх баригчид хүсэлтийг хүлээн авахад Австрийн түр засгийн газрын канцлер К.Реннер “авралын баримт бичиг”-ийн тухай австричууд хэзээ ч мартахгүй гэж байжээ.


Гэтэл европчууд тун мартамхай хүмүүс бололтой. Харин өнөөдөр Европын зарим орон оросууд тэднийг чөлөөлсөн биш шинэ буюу коммунистуудын эзлэн түрэмгийлэл байсан гэнэ. Нэг үгээр хэлэхэд, орос цэргээр эзлэн түрэмгийллээс чөлөөлүүлсэн европын орнууд “мартах” гэгч өвчинд нэрвэгдсэн бололтой.

Муу санааг албаар, хуурамч дүр эсгэн мөн санаатайгаар гаргадаг гэдгийг В.В.Путин тун гярхай анзаарчээ. Ялалтын 75 жилийн ойгоор барууныхан Гитлерийн эсрэг холбоотнуудыг бүгдийг нь дурдахдаа  ЗСБНХУ-ыг л оруулаагүй. Муу санаа нь айдаст автуулснаас хөшөөнүүдийг буулгаж, нацистуудтай тэмцэгчдэд зориулсан дурсгалуудыг нурааж өөрсдийн үйлдлээ худал уриагаар зөвтгөхийг оролдож, биднийг эзэлсэн гэсэн утгагүй үзлийг сурталчилна. Ингээд сургамж авах ёстой түүхэн үйл явдлыг эсрэгээр нь эргүүлсэн.


Хэрвээ Баруун зүгээс Зүүнийг харахад  дэлхийн II дайнд ЗСБНХУ-ын гүйцэтгэсэн үүрэг, Зөвлөлтийн ард түмний баатарлаг гавьяаг хүндэтгэж түүхэн үйл явдлын үнэнд огтхон ч эргэлздэггүй нэг орон бий. Энэ бол Монгол. Тэдний европчуудаас ялгаатай тал нь гэвэл, дайны бөгөөд түүхийн ямар нэгэн  нөхөн төлбөр шаарддаггүй. Тэнд аймшигт дайныг одоо болтол мартаагүй, түүхийг гуйвуулах гэж ч оролддоггүй. Нийслэл болон бусад хот, тосгодод нь Монгол-Зөвлөлтийн дайчдын нөхөрлөлийн дурсгалын хөшөөг нандигнадаг. Хоёр орны ард түмнүүдийн цаг хугацаагаар төдийгүй  нэг түүх, сорилтоор шалгарсан олон зууны нөхөрлөлийг  одоо ч дурсдаг. Тиймээс ч энэ нөхөрлөл нь юунд ч нугарашгүй бат бэх гэсэн үг.

Болдын Эрдэнэ

 

Холбоотой мэдээ